m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.10.17 10:02
195
Оршин буй нэр дор орхигдсон тэд

Хорвоогийн жамаар дөрвөн улирал ээлжилсээр... Гэхдээ хурдтай хөгжиж буй хотын соёл, бүтээн байгуулалт зөвхөн залуусынх байгаа нь харамсалтай. Улаанбаатар хот залуусын хөл хөдөлгөөн, орчин үеийн кофе шоп, кино театр, энтертайнмент төвүүдээр баялаг. Залууст чөлөөт цагаа өнгөрөөх, хөгжих, амрах боломж алхам тутамд бий. Гэвч яг энэ их хөл хөдөлгөөн, хөгжил дэвшлийн цаана нийгмийн нэгэн том бүлэг таг чимээгүй захад нь шидэгдсээр байна. Тэд бол бидний аав, ээж, эмээ, өвөө нар болох ахмадууд.

Тэд тэтгэвэрт гарсан хойноо нийтийн тээврээр үнэгүй зорчих, цагаан сараар хойморт суухаас өөр ТАНСАГЛАЛ алга. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 504 мянга орчим ахмад настан тэтгэвэр авч байгаа ба дундаж тэтгэврийн мөнгөн дүнг 1.2 сая гэж тооцоолжээ. Сонсоход сайхан ч энэ тооны ард өөртөө 20,000 төгрөг ч илүүчлэх боломжгүй настнууд олон бий.

Өнгөрсөн оны судалгаагаар тэтгэвэр авч буй ахмадуудын 50-аас илүү хувь нь тэтгэврийн зээл авчээ. Үүнээс харахад сардаа бүтэн тэтгэврээ гар дээрээ авч, ахуйдаа зарцуулдаг нь ердөө 200 орчим мянган ахмад настан болж таарч байна. Зээлээ төлөөд үлдсэн багахан мөнгө нь эмийн сан, хоол хүнсний лангууны хооронд дуусдаг нь нууц биш.

Тэгвэл эдгээр ахмад настнууд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Тэдний амьдралын бодит төрх бидний боддогоос ч илүү нэгэн хэвийн, хучигдмал байдаг.

Ганцаараа амьдардаг, 68 настай эрэгтэй Т.С: “Өглөө би 7 цагт босоод ороо хурааж бусдын адил хийж заншсанаар биеэ бэлддэг. Дараа нь кааш юм уу сүүтэй будаа буцалгаж идчихээд сонин авахаар гардаг. 2 цаг хиртэй салхилангаа алхаж ирчхээд сониноо хэрэг болгож уншина. Тэгж дуусаад цонхоор ширтсээр орой 5 цагаас өмнө заавал ганц цаг хажуулддаг. Орой жоохон шөл идчихээд мэдээ үзнэ. Тэгээд л унтана даа.”

Нөхөр болон ач хүүгийн хамт амьдардаг 61 настай Л.О: “ Өглөө хүүг гарахаас өмнө босож цай бэлдэж өгөөд явуулна. Өдөр зээгээ 13:00 гээд тарахыг хүлээх зуураа хэдэн суваг эргүүлсээр гарна. Эргэж ирээд зээгээ гадаа тоглуулна, хичээлийг нь хийлгэнэ. Оройн хоолоо бэлдээд дуусахын алдад зээ охиныг ээж аавын аль нэг нь ирээд аваад харина даа. Орой 18,19 цагийн үед ач хүү ирээд хоолоо идчихээд гадаа гарч, аль эсвэл мөнөөх утсаа ширтсээр унтаад өгнө. Хөгшин миний бие дийлэх биш тэрүүнээс нь өмнө унтчихна.”

Эдгээр ахмадуудын ярианаас харахад тэдний өдөр тутамд хийдэг зүйл нь цонхоор ширтэх, зурагтын суваг эргүүлэх, салхилахаар гадаа суухаас хэтрэхгүйг байна. Гэвч өвөлдөө утаатай, зундаа шороотой Улаанбаатар хотод гадаа салхилах орчин ч хомс.

Ахмадуудад зориулсан соёлын төв, шатар сонирхогчдын клуб, дасгал хөдөлгөөний төв эсвэл тэдэнд зориулсан хөнгөлөлттэй үйлчилгээтэй газар хуруу дарам цөөн байдаг нь тэдний бие махбод болон сэтгэцэд сөргөөр нөлөөлж, нийгмээс тусгаарлагдах үндсэн шалтгаан болж байна. Магад бид автобусанд аашлах хөгшчүүлийг багахан ч гэсэн ойлгож болох шалтгааныг оллоо шүү дээ.

Иймд тэтгэврийн хэдэн цаасанд нь дарамт болохооргүй, үнэ төлбөргүй эсвэл маш бага зардлаар үйлчлүүлж болох газар нээхэд анхаарах хэрэгтэй. Хэн бүхэнд хүртээмжтэй хотыг бүтээцгээе!

 Ч.Амирлан