Нийгэм
2026.10.19 09:53
243
Аравдугаар сарын 20-ны 11:40 цагт Монгол даяар Төрийн дуулал эгшиглэнэ

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилсан “Төрийн дууллын өдөр” 2026 оны аравдугаар сарын 20-ны Мягмар гарагийн 11:40 цагт Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд зохион байгуулагдахаар товлогджээ.

Эх орон, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Монгол Улсын Төрийн дууллаа нэгэн цагт хамтдаа эгшиглүүлэх энэхүү санаачилга нь иргэд, хүүхэд залуусын эх орноороо бахархах үзэл, үндэсний ухамсар, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой юм.

Энэхүү санаачилга олон нийтийн талархал, халуун дэмжлэгийг хүлээж, нийгмийн олон салбарын төлөөллийг нэгтгэж эхэлжээ. Тухайлбал, Монголын урлаг, спортын салбарын олон алдартан, олны танил эрхмүүд “Төрийн дууллын өдөр”-ийг дэмжиж буйгаа илэрхийлэн, иргэдийг эх орныхоо Төрийн дууллыг хамтдаа эгшиглүүлэхийг уриалж байна.

Үүний зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, багш нар уг санаачилгад идэвхтэй нэгдэж, анги хамт олноороо Монгол Улсын Төрийн дууллыг дуулсан бичлэгээ илгээсээр байгаа аж. Бяцхан сурагчдаас эхлээд ахлах ангийн хүүхдүүд хүртэл багш нартайгаа хамтран Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, эх орноороо бахархах сэтгэлээ илэрхийлж буй нь энэхүү санаачилгын онцлох үйл явдлуудын нэг болж байна.

Харин энэхүү санаачилгын хамгийн сэтгэл хөдөлгөм оролцооны нэг нь хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн илгээсэн бичлэг байлаа. Эх орноосоо алс хол, хүний нутагт төрж өссөн ч эх хэл, өв соёлоо мартахгүйгээр Монгол хэлээрээ хичээллэдэг монгол сургуулийн 300 гаруй хүүхэд Монгол Улсын Төрийн дууллыг хамтдаа дуулж, эх орон руугаа бичлэгээ илгээсэн байна.

Эх орноо санагалзсан сэтгэл, Монгол хүн гэдгээрээ бахархах бахархал, эх хэл, тусгаар тогтнолоо эрхэмлэх үзэл нь хил хязгаараар хэмжигдэхгүй гэдгийг тэдний оролцоо харуулж байна.

Ийнхүү “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилсан “Төрийн дууллын өдөр” нь урлаг, спортын алдартнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд, эх орондоо болон хилийн чанадад амьдарч буй Mонголчуудын дэмжлэгээр хүрээгээ тэлж байна.

2026 оны аравдугаар сарын 20-ны Мягмар гарагийн 11:40 цагт Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд Монгол Улсын Төрийн дууллаа нэгэн зэрэг хамтдаа эгшиглүүлэхээр төлөвлөжээ.