

Худалдаа, хөгжлийн банк суурь бүртгэлийн системээ шинэчилж, харилцагчдын дансны дугаар болон цахим банкны үйлчилгээнд өөрчлөлт оруулсан нь иргэдэд хүндрэл учруулж, бухимдал төрүүлж байна.
Тус банк аравдугаар сарын 16-наас 18-нд шилжих хугацаанд системийн шинэчлэл хийж, аравдугаар сарын 18-нд шинэ системд бүрэн шилжсэнээ цахим хуудсаараа мэдээлсэн. Шинэчлэлийн хүрээнд харилцагчдын дансны дугаар есөн оронтой байснаас 10 оронтой болж, TDB Online аппликейшн шинэчлэгджээ. Гэвч системийн шинэчлэлийн дараа цахим банканд нэвтрэх, нууц үг солих, төхөөрөмж баталгаажуулах явцад хүндрэл гарч байгаа талаар харилцагчид гомдол гаргаж эхэллээ.
Тухайлбал, шинэ аппликейшн татаж, нууц үгээ шинэчилсний дараа төхөөрөмжөө баталгаажуулах код хүлээн авч чадахгүй байх. Баталгаажуулах код удааширч ирэх, өмнөх үйлдлийн код хүлээн авах, код оруулсан ч баталгаажуулалт амжилтгүй болох зэрэг асуудал дараалан гарчээ.
Мөн дансны дугаар өөрчлөгдөж, өмнөх данснаас шинэ данс руу мөнгө орлого болон шилжсэнтэй холбоотойгоор харилцагчид асуулт, эргэлзээтэй тулгарч байна. Харин банкны мэдээлснээр шинэ болон хуучин дансны дугаарыг хоёуланг нь ашиглах боломжтой бөгөөд дансны дугаарын өөрчлөлт нь хадгаламж, зээл болон бусад үйлчилгээнд нөлөөлөхгүй аж.
Харилцагчдадаа мэдэгдэлгүйгээр олон жил ашигласан дансны дугаарыг хоёрхон хоногийн дотор өөрчилж, лавлах утсаар тодорхой мэдээлэл авах боломжгүй байна. Аж ахуйн нэгжүүдийн дансны дугаарыг өөрчилснөөр нэхэмжлэх, төлбөрийн баримтаа дахин шинэчлэх шаардлага үүсэж ихээхэн хэмжээний чирэгдэл учруулж байна.
Банкны системийн шинэчлэл нь үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой ч шинэ системд шилжих явцад харилцагчид хүндрэлгүй нэвтэрч, төлбөр тооцоогоо хэвийн хийх боломжийг хангах нь чухал. Түүнчлэн үүссэн асуудлыг тодруулж банкнаас зөвлөгөө, мэдээлэл авахаар лавлах утасруу нь залгахад холбох шугам чөлөөгүй гэснээр албан ёсны мэдээлэл авахад бэрхшээлтэй байна.
Монгол улсын ууган арилжааны банкуудын нэг, олон мянган иргэн, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг Худалдаа, хөгжлийн банк шинэчлэлийн дараах үйлчилгээгээ хэвийн, шуурхай байлгаж, иргэдийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үүрэгтэй.
