Улс төр
2026.10.19 11:52
327
Г.Занданшатарын нэр төрд халдсан гэх УИХ-ын таван гишүүнийг АТГ-т шалгуулна

Г.Занданшатарын нэр хүндэд халдаж, түүнийг авлига, албан тушаалын хэрэг болон хар тамхины сүлжээтэй холбон мэдээлсэн УИХ-ын нэр бүхий таван гишүүний асуудлаар АТГ болон хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Тодруулбал, Салхитын мөнгөний орд болон Төв аймаг дахь Авдрантын ордтой холбоотой асуудлаар Г.Занданшатарыг буруутгасан мэдээллүүдийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа өмгөөлөгчид нь илэрхийлэв. Салхитын мөнгөний ордын тухайд гадаадын иргэдийн  өмч байсан ба тэдгээр хүмүүсийн хооронд үүссэн маргаан шүүхийн байгууллагын албан тушаалтнуудтай холбогдож, тухайн үед Хэрэг, эрхлэх газрын дарга басйан Г.Занданшатар тусгай ажиллагаа явуулж улмаар тухайн ордыг төрийн мэдэлд авсан.

Үүний дараа уг хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцож, авлигын мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг төлөхөд ашигласан гэж тайлбарлав. Мөн Шадар сайд асан Амарсайхан 2026 оны 9 дүгээр сарын 16-нд Авдрантын ордыг Г.Занданшатар хувьдаа авч ашиглах гэж байсныг зогсоосон гэх агуулгаар мэдээлэл хийсэн ч үүнийг нотлох баримт дэлгээгүй гэж мэдэгдлээ.

Өмгөөлөгчийн тайлбарласнаар, Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өмнө нь ашиглагдаж байгаад үйл ажиллагаа нь зогссон зарим ордыг төрийн мэдэлд авч, дахин ашиглах боломжийг судлах асуудлыг хөндөж байжээ. Энэ хүрээнд албан бичиг болон 143 хуудас бүхий танилцуулгыг холбогдох хүмүүст хүргүүлсэн байна. Гэвч уг асуудлыг ордыг хувьдаа ашиглах гэж байсан мэтээр тайлбарласан нь бодит нөхцөл байдлыг өөрөөр харуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн 2026 оны есдүгээр сарын 15-нд хийсэн мэдээллээр Г.Занданшатарыг уул уурхайн ордууд болон хар тамхины сүлжээтэй холбон, уг сүлжээний гол зохион байгуулагч хэмээн нэрлэсэн нь түүний нэр төрд халдсан үйлдэл гэж үзэж байна. Иймд УИХ-ын нэр бүхий таван гишүүн болох С.Амарсайхан, Х.Булгантуяа, Э.Болормаа, Д.Амарбаясгаланг албан тушаалын хүрээнд олж авсан мэдээллээ ашиглан Г.Занданшатарын нэр хүндэд халдсан эсэх, мөн албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулахаар АТГ болон хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Харин дээрх асуудлуудтай холбоотой мэдээлэл, баримтуудын хууль зүйн үндэслэл болон холбогдох хүмүүсийн үйлдэлд хууль хяналтын байгууллага ямар дүгнэлт хийх нь одоогоор тодорхойгүй байна.