

УИХ-ын дэд даргаар 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан.
Улсын Их Хурлын гишүүний хувьд 2024 оны 07 дугаар сараас Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна.
Гадаад томилолт, эрүүл мэндийн улмаас чөлөөтэй байснаас бусад үед бүх хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлж, үг хэлж, санал гаргасан.
2024-2026 оны хаврын ээлжит чуулганы хурлын үйл ажиллагаа:
Чуулганы нэгдсэн хуралдаан 111 удаа хуралдаж, 547 асуудал хэлэлцэж, 15 удаа чуулганы нэгдсэн хуралдаан даргалсан.
Төсвийн байнгын хороо 49 удаа хуралдаж, хамтарсан хурал 20 удаа хуралдаж 168 асуудал хэлэлцсэн.
Эдийн засгийн байнгын хороо 50 удаа хуралдаж, хамтарсан хурал 14 удаа хуралдаж 177 асуудал хэлэлцэв.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 5 удаа хуралдаж, 8 асуудал хэлэлцсэн.
2024-2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг:
УИХ-ын даргын 192 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал дүгнэлт боловсруулж, УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан.Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг, Холбоо, сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг, Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт тус тус ажилласан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Уянга, Ц.Мөнхтуяа, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Г.Очирбат нарын хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Төсөв хэлэлцэн батлах үе шатыг цаг хугацаа, агуулгын хувьд өөрчлөх хүрээнд: Төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ны өдөр өргөн барьж 11 дүгээр сарын 15-нд батлахаар хуульчилсан боловч Улсын Их Хурлын намрын чуулган 10 сард эхэлж байгаа нь төсвийн талаар Улсын Их Хурлын гишүүд, намын бүлэг, холбогдох талуудын бүрэн танилцах, мэдээлэлтэй байх, үр дүнтэй ажиллах боломжийг хязгаарлаж байна. Иймд Улсын Их Хурлын намрын чуулганыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлж, Төсвийн төслийг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлэлцүүлэх. Ингэхдээ Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан “... Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт ...”-ыг хэлэлцүүлгийг тусдаа үе шат болгон 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуульд оруулах зэргийг тусгасан талаар танилцууллаа.
