

Автомашинтай айл өрхийн хувьд гарааш, дулаан зогсоол тансаг хэрэглээ гэхээсээ илүүтэй өдөр тутмын хэрэгцээ. Гэвч иргэд автомашинаа байрлуулдаг ганц гараашдаа үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж байна. 2023 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн 204 хороог таван бүсэд хувааж, байршлаас хамааруулан татварын хувь хэмжээг тогтоож 0.6-2.0 хувийн татвар ногдуулж байна.
Тухайлбал, татвар ногдуулах үнэлгээ нь 50 сая төгрөгөөр тогтоогдсон гараашид нэг хувийн татвар тооцоход жилд 500 мянган төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, зөвхөн автомашинаа байрлуулах зориулалттай үл хөдлөх хөрөнгөндөө сар бүр дунджаар 41,667 төгрөгийн татвар төлж байгаа юм.
“Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуульд зааснаар иргэний амьдран суух зориулалттай орон сууцыг орон нутагт тоо харгалзахгүй, нийслэлд хоёроос илүүгүйг татвараас чөлөөлдөг. Харин гарааш, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө энэ чөлөөлөлтөд хамрагддаггүй.
Гэвч гараашийг зөвхөн орлого олох зорилготой хөрөнгө гэж үзэх боломжгүй. Монгол орны эрс тэс уур амьсгалд автомашинаа цас, бороо, хүйтнээс хамгаалах хэрэгцээ бий. Түүнчлэн орон сууцны хотхон, хороолол нэмэгдэхийн хэрээр авто зогсоол нь амьдрах орчны салшгүй хэсэг болж байна. Энэ асуудлаар өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг нэг гарааш, авто зогсоолыг татвараас чөлөөлөх тухай нийтийн өргөдлийг Ерөнхий сайдын зөвлөх, хуульч, өмгөөлөгч О.Батхүү санаачилжээ. 2026 оны аравдугаар сарын 19-ны байдлаар уг саналд 47,551 хүн гарын үсэг зурсан байна.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлийн нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, есдүгээр сарын 11-нээс эхлэн УИХ-ын цахим хуудсаар иргэдээс санал авч эхэлжээ. Хэрэв ийм зохицуулалт батлагдвал хэрэгцээндээ ашигладаг нэг гарааш, авто зогсоолын татвараас чөлөөлөгдөх боломж бүрдэнэ. Харин олон гарааш эзэмшдэг, бусдад түрээслүүлж орлого олдог иргэдийн хувьд татварын зохицуулалт хэвээр үлдэх эсэх нь хуулийн төсөлд хэрхэн тусгахаас шалтгаална.
