m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
2026.10.19 17:01
163
Хариуцлага биш хайрыг хүртээе!

Монголчууд “Айлын том охин байсан нь дээр, эрт тусад ороод ээждээ ханьтай, гэрт нэмэртэй гэдэг. Харин айлын том хүү байвал аавдаа нэмэртэй, ажилд тустай, дүү нараа хүмүүжүүлнэ” хэмээн ярьсаар ирсэн.

Тэгвэл айлын том хүүхэд гэж хэн бэ? Гуравдагч асран хамгаалагч уу?

Тэд энэ замыг сонгож, хэн нэгэнтэй амьдрал босголцох гэж ирсэн ХАМТРАГЧ биш, тэгтэл хэт хүндэдсэн хариуцлагыг тэдэнд үүрүүлэх нь хорвоогийн ЖАМ мэт Монголчуудын сэтгэхүйд суужээ...

Асран хамгаалагч нэртэй асрамжийнхны завгүй цагийн хувиар, санхүүгийн хямрал, архины хамаарал гэх мэт цөөнгүй шалтгаан хүүхдүүдийн хүүхэд насыг хулгайлж байгаа нь харамсалтай. Хүүхэд нас гэдэг тоглож наадах, сурч боловсрох, алдаа гаргасан ч томчуудын дэмжлэгээр дахин оролдох, өөрийн хүсэл мөрөөдлийг бүтээх хамгийн гэгээлэг үе. Гэвч зарим хүүхдийн хувьд энэ үе бусдынхтай адил өнгөрдөггүй. Тэд энэ л балчирхан үеэсээ нүүрс зөөж, хүүхэд өсгөж, хоол хийж хорвоотой танилцаж буй нь Монголд хэвийн үзэгдэл.

Гаднаас нь харахад тэд эрт бие даасан, хариуцлагатай, АЧЛАЛТАЙ охин, УХААНТАЙ хүү. Гэвч энэ их хариуцлагын цаана тэд өөрсдийн хэрэгцээг хойш тавих, ядрах, айх, ганцаардах, хичээл сурлагадаа анхаарах боломжоо алдах зэрэг хэлж зүрхлэхгүй олон зүйлсээ алгын чинээ зүрхэндээ тээсээр…

Калифорнийн Их Сургууль (UCLA) болон бусад олон улсын сэтгэл зүйн судалгааны байгууллагуудын хийсэн "Том охины хам шинж" (Eldest Daughter Syndrome)-ийн судалгаагаар айлын том охид бага наснаасаа хэт их хариуцлага үүрснээс үүдэн насанд хүрсэн хойноо амархан сэтгэл зүйн ядаргаанд орж цаашлаад амархан сэтгэл гутралд өртөх, бусдаас тусламж гуйж чадахгүй бүхнийг ганцаараа хийх гэж өөрийгөө зовоох хандлагатай байдаг. Түүнчлэн өөрийн хэрэгцээг үргэлж хойш тавьж, бусдын таалалд нийцэх гэж хичээснээс болж айдсаас үүдэлтэй төгс төгөлдөрт тэмүүлэх (перфекционизм) ба сэтгэл түгшилттэй болох эрсдэл өндөр байдаг хэмээн дүгнэжээ. Шалтгааныг нь судлаачид бага наснаасаа ахуйн ажил хийх, дүү нараа харах, цаашлаад эцэг эхийнхээ сэтгэл зүйн ачааллыг хуваалцах (жишээ нь: ээжийнхээ гомдлыг сонсох, гэр бүлийн асуудлыг зохицуулах) гэх мэт эцэг эхийн үүргийг гүйцэтгэж эхэлснээс үүддэг хэмээжээ.

Мөн Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд зааснаар хүүхдийн сурч боловсрох, амрах, тоглох цагийг хасан, хэтэрсэн ачаалалтай гэрийн ажил, хүүхэд асрахыг тулган шаардах нь "Хүүхдийг үл хайхрах" болон "Мөлжлөг"-ийн хэлбэрт тооцогддог.

Эндээс харахад бид ачлал, халамж, ухаан гэх сайхан үгсээр гоёсхийгээд, хүүхдийн эрхийг зөрчин, тэдний сэтгэл зүйн хувьд хэзээ ч арилшгүй хар толбо үлдээсээр байгаа юм. Иймд эцэг эхчүүд өөрсдийн үүрэг хариуцлагыг том хүүхдэдээ үүрүүлэхээ болих, гэрийн ажил болон дүүгээ асрахад туслалцаа авч болох ч энэ нь туслах төвшнийх байх ёстой бөгөөд хүүхдийн сурч боловсрох, тоглож наадах, амрах цагаас хэзээ ч илүү гарч болохгүйг ухамсарлах хэрэгтэй юм. Өнөөдрөөс бидний ирээдүй хойч үе болсон бяцхан зүрхэнд хариуцлага бус хайрыг хүртээцгээе!

 

                                                                                                                                    Ч.Амирлин

 

 

 

.