Нийгэм
2026.10.19 17:13
158
Залуусын сонголт: Монголд үлдэх үү, гадагшаа явах уу?

Инфляц өсөж, шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байна. 2026 оны 10 дугаар сарын 19-ны байдлаар АИ-95 бензиний нэг литр 5,330 төгрөг, үхрийн цул мах нэг килограмм нь 36 мянган төгрөгт хүрчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны 2 дугаар хагаст сарын дундаж нэрлэсэн цалин 3 сая төгрөг, голч цалин 2.6 сая төгрөг байна. Гэвч дийлэнх ажил хөдөлмөр эрхлэгчдийн гар дээр авч буй бодит цалин1-2 сая төгрөгийн хооронд байна.

Ийм нөхцөлд залуус ажил хөдөлмөр эрхэлж, тогтвортой амьдрал бүтээхийг хүссэн ч олж буй орлого нь өдөр тутмын хэрэгцээ, байрны түрээс, зээлийн төлбөрт хүрэлцэхгүй байх нь бий. Цалингаа буухаар зээлээ төлж, үлдсэн мөнгөөрөө сарын хэрэгцээгээ залгуулан, дахин зээл авах шаардлагатай болох энэ тойргоос гарах амаргүй.

2025 оны байдлаар 201,350 иргэн гадаад улсад оршин сууж байна. Эдгээр иргэдээс 20-40 насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Залуус эх орондоо ажиллаж, хөдөлмөрлөж, ирээдүйгээ бүтээхийг хүсэхгүйдээ биш. Харин хөдөлмөрлөсөн хэрээрээ амьдрал нь дээшилж, орон сууцтай болж, хуримтлал үүсгэн, гэр бүлээ тайван амьдруулах боломж хэр байна вэ гэдэг нь гол асуудал юм.

Авлига, хүнд суртал, хувийн хэвшилд тулгардаг татварын дарамт нь манай улсын хамгийн том . Үүн дээр нийслэлийн агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг олон жилийн турш шийдлээ хүлээсэн асуудал нэмэгдэнэ. Амьдралын өртөг өндөр, амьдрах орчин таагүй, ирээдүйгээ төлөвлөх боломж хязгаарлагдмал байвал залуус гадаадад ажиллаж, амьдрах хувилбарыг сонгох нь аргагүй биз.