
“2027 оны 1-р сарын 1-с Vape буюу электрон тамхи худалдаалахыг хориглоно” гэсэн мэдээлэл нь төөрөгдүүлсэн мэдээлэл юм. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрлөлтөөр электрон тамхийг бүрэн хориглоогүй харин бүх төрлийн үнэр, амттай янжуур тамхи болон электрон тамхийг хориглохоор тусгасан байна.
Монголд худалдаалж буй ихэнх электрон тамхи нь амт, үнэр оруулагчтай тул ирэх оноос хориглогдоно гэсэн үг. Харин амт, үнэр оруулагчгүй электрон тамхийг худалдаалах боломжтой.
Жимс, гааны амттай электрон тамхи худалдаалахыг хязгаарлана
Тодруулбал, жимс, гаа болон бусад төрлийн амт, үнэр оруулсан тамхи, түүний хэрэглээний төхөөрөмжид хязгаарлалт тогтоохоор болсон байна.
Энэ зохицуулалт нь зөвхөн электрон тамхинд бус, янжуур болон бусад холбогдох бүтээгдэхүүнд мөн хамаарна. Харин уламжлалт хамрын тамхи, усан хоолойгоор татах зориулалттай тамхийг уг хоригийн заалтаас тусгайлан хассан байна.
Амт, үнэртэй бүтээгдэхүүнийг хязгаарлах нь хүүхэд, өсвөр үеийнхний сонирхлыг татах байдлаар тамхины хэрэглээг өдөөхөөс сэргийлэхэд чиглэж буйг хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм.
Насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдах хяналтыг чангатгана
21 нас хүрээгүй бол янжуур болон электрон тамхи худалдахгүй.
Тухайлбал, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглосон санамжийг худалдааны газарт ил байрлуулах, дүрсний хяналтын төхөөрөмж суурилуулахаар заасан байна.
Татварын зохицуулалт өөрчлөгдөнө
Электрон тамхинаас янжуур тамхитай ижил онцгой албан татвар ногдуулна. Өөрөөр хэлбэл, электрон тамхийг зөвхөн технологийн төхөөрөмж гэж үзэх бус, никотин хэрэглүүлэх зориулалттай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь татвар, хяналтын бодлогод хамруулна.
