Улс төр
2026.10.20 15:05
220
Б.Энхбаяр: Төрийн байгууллагуудын түрээсийн зардлаас 7.5 тэрбум төгрөг хэмнэсэн

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр төрийн байгууллагуудын байрны түрээсийн зардалд хийсэн шалгалтын талаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, энэ оны наймдугаар сард хийсэн шалгалтаар түрээсийн зардал 50 орчим тэрбум төгрөг байсан бол үргэлжлүүлэн шалгахад 100 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Түрээсийн гэрээгээ бүртгүүлээгүй, нуусан тохиолдлууд илэрсэн тул шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. Мөн төрийн өмчийн байр, түрээсийн асуудалд хяналт сул, эмх замбараагүй байдал үүссэнийг цэгцлэх хүрээнд үе шаттай арга хэмжээ авч байгаа талаар хэлэв.

Өндөр түрээс төлдөг байгууллагуудын байрны асуудлыг шийдвэрлэхдээ төрийн байгууллагуудын сулрах байрыг ашиглахаар зохицуулалт хийсэн. Үүний хүрээнд эхний ээлжид 30 орчим зохицуулалт хийж, түрээсийн зардлаас 7.5 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Тэрбээр шүүхийн байгууллагын байрны асуудлыг онцолж, хувийн аж ахуйн нэгжээс түрээсэлдэг байрны жилийн зардал найман тэрбум төгрөгт хүрч байжээ.

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн өмнө ашиглаж байсан байранд Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг оруулсан байна. Б.Энхбаяр шүүх нь төрийн эрх мэдлийн гурав дахь засаглал учраас байрны асуудлыг улс төрийн болон бусад маргаантай холбож ойлгохгүй байхыг хүсэв.

Харин 2027 оны төсөвт түрээсийн зардлыг хэрхэн тусгах талаар тодруулахад, одоогоор танилцуулсан 7.5 тэрбум төгрөгийн хэмнэлт нь 2026 оны төсвийн хүрээнд гарсан үр дүн гэдгийг хэллээ.