М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.10.20 16:39
178
10 их наядаар тэлсэн төсөв: Ногдол ашгийг иргэдэд үү, төсөвт үү?

2037 онд авах байсан Оюу толгойн ногдол ашгийг 2027 он болгож наашлуулсандаа Н.Учралын засгийн газар тун ч бахдам байгаа. “Алаагүй байж арьсыг нь хуваана” гэгчээр хэзээ, хэр хэмжээтэй орж ирэх нь тодорхойгүй 3 их наяд хэдийн маргаан дагуулаад эхэлсэн юм.

Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн төсөлд 41.3 их наяд төгрөгийн орлого, 43.6 их наяд төгрөгийн зарлага төлөвлөсөн. Ингэснээр төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөгт хүрэхээр байна.

Энэхүү төсвийн төсөл нь өмнөх оноос 10 орчим их наядаар тэлсэн дүн юм.

Иргэдээс Оюу толгойн ногдол ашгаа хэрхэн зарцуулах тухай санал асуулгыг аравдугаар сарын 29 хүртэл цахимаар авч байгаа юм. Гэвч төсвийн нийт орлогод Оюу толгойн ногдол ашгийн 2 их наядыг хэдийн оруулан тооцжээ.

Иргэд ногдол ашгаа баялгийн санд төвлөрүүлэхийг сонговол улсын төсвийн алдагдал 4.3 их наядад хүрнэ гэсэн үг.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027 оны төсвийн зарлага огцом нэмэгдсэнийг анхааруулжээ. Тодруулбал, нийт зарлага 28 хувиар өссөнөөр инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэсэн байна

Мөн Засгийн газар ногдол ашгийн орлого нэмэгдвэл төсвийн зарлагын дээд хэмжээг тусгай шаардлага харгалзахгүй нэмэх хуулийн төсөл санаачилжээ. Үүнийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийг хяналтгүй тэлэх эрсдэлтэй гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар ногдол ашгийн орлого нэмэгдвэл төсвийн зардалдаа ашиглах эрх зүйн боломж бүрдүүлэхээр санал гаргажээ.