

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээгээ өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Кембрижийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэл болон холбогдох албаны хүмүүс, сургуулийн багш, сурагчид оролцов.

Тус сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх зургаа дахь сургууль болж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 166-р сургуульд хими, физик, биологи, мэдээлэл зүйн хичээлийн лаборатори, байгалийн ухааны хичээлийн химийн бодисын тусгай зөвшөөрөл, багш нарын англи хэлний мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх хөтөлбөр, гадаад хэлний номын фонд байжуулалт зэрэг анги танхимд шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалын тохижилтыг тус тус хийсэн. Энэ хичээлийн жилд 166-р сургууль 62 багш, ажилтан, 650 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Кембрижийн хөтөлбөрийн анхны элсэлтээр IX ангийн гурван бүлэгт 70 сурагч суралцан ахлах ангийн түвшинд Cambridge International AS & A Level хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

