

Лхагва гарагийн өглөөний зочноор УИХ-ын гишүүн О.Номинчимэг оролцож, Тамхины хяналтын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн талаар ярилцлаа.
Юуны өмнө танд зорилгодоо хүрч, хуулиа батлуулж чадсанд баяр хүргэе
-Баярлалаа. Хуулиа өргөн бариад 13 сарын хугацаа өнгөрсөн байна лээ. Жил гаруй хугацаанд нэлээн ширүүн хэлэлцүүлэгтэй явсны эцэст 126 гишүүний олонх нь дэмжсэнээр баталж чадлаа.
Иргэдийн дунд электрон тамхийг бүрэн хориглолоо гэсэн төөрөгдөл үүсээд байна. Энэ тал дээр тайлбар өгвөл?
Янз бүрийн ташаа мэдээлэл их байна. Электрон тамхийг бүрэн хориглоогүй. Гэхдээ маш том хязгаарлалтууд орж ирж байгаа. Электрон тамхи ямар ч хязгаарлалтгүйгээр хүүхэд залуучуудын дунд хэрэглээ нь гаарчихсан байна. Иймд ямар нэгэн амт, үнэр оруулагчтай электрон тамхи, янжуур тамхийг худалдахыг хориглосон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зөвхөн тамхины гашуун амттай электрон тамхи худалдаалагдана гэсэн үг. Хамгийн гол нь тааламжтай амтанд хүүхэд, өсвөр үеийнхэнд татагддаг учраас дэлхийн 20 гаруй улсад ийм зохицуулалт хэрэгждэг.
Хилээр орж ирдэг электрон тамхи хэр чанарын баталгаатай вэ?
Манай улсын хилээр орж ирдэг электрон тамхины 98 хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, дотооддоо хэрэглэдэггүй бүтээгдэхүүн байдаг.
10 гаруй үйлдвэр чанаргүй, муу химийн бодисоор хийсэн электрон тамхийг нийлүүлдэг. Тэдгээрийн 95 хувь нь амт, үнэр оруулагчтай. Тэгэхээр энэ үзэгдлийг хуулиар хориглож байгаа юм. Насанд хүрсэн хүн электрон тамхи татмаар байвал зөвхөн тамхины амттайг л татах боломжтой гэсэн үг.
Электрон тамхинд янжуур тамхитай ижил татвар ногдуулах уу?
Электрон тамхинд янжуур тамхины онцгой албан татвараас 50 хувиар бага, халаадаг тамхинд 75 хувиар бага татвар ногдуулна.
21-ээс дээш насны хүнд электрон тамхи худалдахаар болж байна. Яаж хяналт тавих вэ?
-Насанд хүрээгүй хүүхдэд худалдаж борлуулбал зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Ийм хариуцлагаар хууль хэрэгждэггүй юм байна лээ. Нийслэлийн ТҮЦ-үүдийг цэгцэлснээр энэ хууль хэрэгжихэд нэлээн дөхөм болж байна. Электрон тамхийг худалдаалж байгаа этгээдүүд хяналтын камертай байх, бичлэг гурван долоо хоногийн архивтай байх, иргэний үнэмлэхийг шаардах зэрэг шаардлагыг тавьж байгаа.
Хууль нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Тэр болтол электрон тамхийг их хэмжээгээр нөөцлөх тохиолдол их байна уу?
Байна аа. Хууль батлах үйл явц жил гаруй үргэлжилсэн. Энэ хуулийг батлуулахгүй байх санаархал бүхий этгээдүүд хэлэлцэгдээд эхэлбэл дорхноо батлагдах учраас үйл явцыг удаашруулах аргыг хэрэглэсэн. Энэний гор нь юу вэ гэхээр электрон тамхи импортлогчид татвар нэмэгдэхээс өмнө их хэмжээгээр нөөцөлж байна.
Электрон тамхины импорт өмнө жилээс 50 хувиар, халаадаг тамхиных 177 дахин нэмэгдсэн.
Энэ төрлийн бизнес эрхлэгчдэд хандаж хэлэхэд Монгол Улс хууль дүрэмтэй, хүүхдийн эрүүл мэндээс давсан бизнес гэж байхгүй. Иймд та бүхэн ч бас хуулиа чанд дагаж мөрдөхийг уриалмаар байна.
Хуулийн онцлох заалтуудыг нэрлэвэл?
-Нэгдүгээрт, электрон тамхийг олон нийтийн газар болон дотор орчинд татахгүй. Хоёрдугаарт, зар сурталчилгааг хязгаарлаж, тусгай зөвшөөрөлтэй худалдана ингэхдээ сургуулийн орчинд худалдаалахгүй. Гуравдугаарт, янжуур болон электрон тамхи гадаргуугийнхаа 70 хувьд хортой бүтээгдэхүүн гэдэг тэмдэглэгээг байршуулна.
Цаг зав гаргаж, ярилцанд баярлалаа

Шууд үзэх:
