Ярилцлага
4 цагийн дараа
131
Төрсний дараа хөхний хоргүй хавдар өөрөө алга болдог уу?

Аравдугаар сар бол хөхний хорт хавдрын талаар мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт ач холбогдлыг таниулах сар байдаг. Монгол улсад өнөөдрийн байдлаар ХСҮТ-ийн Хөхний төвийн хяналтад 2800 гаруй эмэгтэй байна. Хөхний хавдрын талаар түгээмэл асуултуудад ХСҮТ-ийн хөхний мэс заслын эмч Д.Төгөлдөр эмчийн өгсөн тайлбарыг хүргэж байна. 

Хоргүй хавдар төрсний дараа алга болдог гэдэг үнэн үү?

Хоргүй үүсгэвэр хэд хэдэн төрөл байдаг. Уйланхай төст өөрчлөлтүүд алга болох, хэмжээ болон тоо нь өөрчлөгдөх тохиолдол бий. Харин бусад төрлийн үүсгэвэр төрсний дараа өөрөө алга болохгүй. Нэгэнт үүссэн, голомтлог, биежсэн хавдар өөрөө алга болдоггүй. Хоргүй үүсгэврийг хэд хэдэн шалтгаанаар авах шаардлага гардаг. Нэгдүгээрт, гэнэт томрох, зовиур шаналгаа үүсгэх, унтах болон хөдөлгөөн хийхэд өвдөх зэрэг шинж илэрвэл эдийн шинжилгээ авч, мэс заслын аргаар авах шаардлагатай байж болно. Харин жижиг хэмжээтэй, ямар нэгэн зовиургүй бол мэс засал хийж, эдийн гэмтэл үүсгэн авах шаардлагагүй тохиолдол бий.

Дөнгөж төрсөн, хөхүүл эмэгтэй хөхний хавдраар өвдөх боломжтой юу?

Боломжтой. Хөхүүл үед хавдар шинээр үүсэж байгаа гэхээс илүүтэйгээр төрөхөөс өмнө үүссэн голомт хөхний сүүний булчирхай идэвхжих үед богино хугацаанд томрох боломжтой. Хөхүүл үед сүүний булчирхай идэвхжиж, сүүний сувгууд сүүгээр дүүрдэг. Энэ үед маммографийн шинжилгээ хийх боломжгүй байдаг учир оношилгооны аргыг зөв сонгох нь чухал. Тиймээс төрөхөөс өмнө хөхөө шалгуулж, үзлэг, оношилгоонд хамрагдах хэрэгтэй.

Өсвөр насны охид хөхний хорт хавдраар өвчлөх боломжтой юу?

Боломжтой. Хөхний хорт хавдар 40-өөс дээш насныханд илүү түгээмэл тохиолддог ч залуу насныхан өвчлөхгүй гэсэн үг биш. Эрсдэлт хүчин зүйл, тухайлбал гэр бүлийн ойрын хамаатан хөхний хорт хавдраар өвчилж байсан түүхийг анхаарах хэрэгтэй. Мөн сарын тэмдгийн алдагдал зэрэг өөрчлөлт илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай. Зөвхөн 40-өөс дээш насныхан хөхний хорт хавдраар өвчилдөггүй. Хөхөнд ямар нэгэн өөрчлөлт, зовиур илэрвэл нас харгалзахгүйгээр эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хөхний хорт хавдар бүрэн эдгэрэх боломжтой юу?

Эдгэрэх боломжтой. Хөхний хорт хавдар нь дэлхий нийтэд түгээмэл тохиолддог хавдрын нэг юм. Хавдрыг эрт үед нь оношлох тусам эмчилгээний үр дүн сайн, бүрэн эдгэрэх боломж өндөр байдаг. Олон улсын судалгаагаар хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн таван жилийн амьд үлдэх үзүүлэлт 80 хувиас дээш байдаг. Монгол Улсад ч эмчилгээний үр дүн үүнтэй адил байдаг. 

Хөхний хорт хавдрыг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчлүүлэх нь эдгэрэх боломжийг нэмэгдүүлдэг. Иймд эмэгтэйчүүд хөхнийхөө хэвийн байдал, өөрчлөлтийг анзаарч, ямар нэгэн зангилаа, хэлбэр хэмжээний өөрчлөлт хөхний толгойноос шингэн гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Эмэгтэй хүйс байна гэдэг нь өөрөө хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйл. 40-өөс дээш насныханд дааврын өөрчлөлтөөс шалтгаалан эрсдэлт хүчин зүйл болдог ч сүүлийн үед энэ өвчин залуужиж байна. Ойр дотны хүмүүс энэ өвчнөөр өвчилж байсан бол өвёлөх эрсдэл өндөр учраас өөрийн хөхөө зөв тэмтэрч үзээд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг аваарай.