Жил бүрийн аравдугаар сарын 22-нд цахим орчинд “Эмэгтэйчүүдийн зүгээс үзүүлэх хүчирхийллээс эрчүүдийн мэдрэлийн системийг хамгаалах өдөр” гэх нэршилтэй зураг, хошин бичвэрүүд түгээдэг. Гэвч энэ нь олон улсын байгууллагуудаас албан ёсоор баталсан тэмдэглэлт өдөр бус, цахим орчинд дэлгэрсэн хошин санаачилга юм.
Уг нэршил нь оросын цахим орчинд 2014 онд энэ сэдэвтэй холбоотой нийтлэл гарч, 2015 оноос ижил төстэй зураг, бичвэрүүд олон нийтийн сүлжээгээр илүү өргөн тархжээ. Харин уг өдрийг анх хэн санаачилсан, яагаад аравдугаар сарын 22-ныг сонгосон нь тодорхойгүй байна.
Энэ нэршилд гэр бүлийн харилцаанд эрэгтэйчүүдэд тулгарч болох сэтгэл санааны дарамт, байнгын шүүмжлэл, доромжлол, хэт хяналт зэрэг асуудлыг ёжтой хэлбэрээр илэрхийлдэг. Тухайлбал, хосуудын өдөр тутмын маргаан, эхнэр нөхрийн харилцааг хошин байдлаар дүрсэлсэн зураг, мэндчилгээ цахим орчинд нийтлэгддэг байна. Гэхдээ уг нэршлийг бодит хүчирхийллийн асуудалтай андуурч болохгүй. Сэтгэл санааны дарамт, доромжлол, хяналт, заналхийлэл нь хүйсээс үл хамааран хүний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болно.
Иймээс энэ өдрийг эмэгтэйчүүдийг бүхэлд нь буруутгах шалтгаан бус, харилцаан дахь хүндлэл, хувийн хил хязгаар, сэтгэл санааны дарамтын талаар эргэцүүлэх боломж гэж харах нь зүйтэй.