М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
12 мин өмнө
206
Дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг “циркгүй циркчид”

Дашчойлин хийдийн дэргэд хэнд ч үл анзаарагдам шавар байшин бий. Хуучнаар Эх дагина Дондогдуламын дуган байсан энэхүү барилга бол монголын циркчдийн гал голомт билээ. Энэ л газраас алдарт Ж.Раднаабазар, алиа Ж.Данзан, нугараач Б.Норовсамбуу төрөн гарч, үе үеийн уран бүтээлчид дэлхий дахинд монгол циркийг мандуулсаар яваа.

Энэ жил Монголын циркийн 85 жилийн ой тохиож байна. Гэвч улсын цирк гэж байхаа болиод 20 орчим жил өнгөрчээ. Циркчид гагцхүү гал голомт болсон Циркийн сургуульдаа бэлтгэл сургуулилт хийдэг. Тус барилгад 40 жилийн өмнө засвар хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл улсаас бодлогоор дэмжиж ажилласан удаагүй.

Циркээ амьтай голтой авч үлдэхийн тулд арга ядсан багш нар болон циркчид өөрсдийн төсвөөр чадах чинээндээ засварласаар байгаа аж.

Циркийн тэнхимийн багш Н.Энхболд: “Циркийн сургуулийг засварлахад улсаас ямар ч төсөв байхгүй. Багш нар болон циркчид өөрсдөө мөнгөө гаргаж засварлаж байгаа. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр ядаж л хүн орж ирэхэд аятайхан болгочихъё гээд зассан. Дахиад засварлах зүйлс зөндөө байна. Хүн юм өгсөн ч, өгөөгүй ч бид цаашдаа засварлаж, бэлтгэлээ хийсээр байх болно. Нэг дутагдал нь хөрөнгө мөнгө л байна.

Олон жил болсон барилга учраас дулаан алдалт ихтэй. Чадах чинээгээрээ дулаалсан. Паарны халалт 40 орчим хувьтай их муу байдаг.”

Монгол циркчид стандартад нийцсэн бэлтгэлийн байргүй ч дэлхийн чансаанд гуравт эрэмбэлэгддэг. Тэдэнд усанд орох шүршүүр бүү хэл хувцас солих өрөө ч алга байна. Гэсэн хэдий ч ОХУ-аас оюутнууд ирж суралцаж байгаа нь монголын циркийн хэр хэмжээг илтгэх аж.

Циркийн жүжигчин: Л.Билгүүн: “Би “шидэх банз” гэдэг үзүүлбэр үзүүлдэг. Энэ төрөл нь монгол төдийгүй дэлхийд дээгүүр ордог эрсдэлтэй үзүүлбэр. 13-14 метрийн өндөрт бэлтгэл хийх ёстой ч сургуулийн тааз долоон метрийн өндөртэй. Монголд 13-14 метр таазтай заал их ховор. Байгаа хэд нь өндөр үнэтэй. Ийм нөхцөлд бэлтгэл хийдэг ч гэсэн монгол циркчид олон улсын тэмцээнд эхний байруудыг авч чаддаг.

Стандартад нийцсэн монголын үндэсний циркийн байртай болбол илүү их амжилт гаргана гэж мөрөөддөг.

Өвлийн ид хүйтэнд халаалт муу учраас аль болох бэлтгэл хийхэд саад болохгүй дулаан хувцас өмсдөг. Хүйтэнд биеэ сайн халаахгүй бол шөрмөс, үе мөч, зөөлөн эд бэртэх эрсдэлтэй”

Циркийн сургуулийн хойморт “Цирк бол итгэл” гэх үг харагдана. Нээрэн л монгол циркчдийн итгэлийн хүчээр энэ барилга тогтож байна уу гэлтэй.

Сурвалжилга үзэх: