

Монголчууд 17 жилийн дараа Оюутолгой төслөөс ногдол ашиг авч, өгөөжөө хүртэх боломж бүрдсэн. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээгээр манай улс 2037 онд ногдол ашиг авах байсан бол түүнийг Засгийн газар хэлэлцээр хийсний үр дүнд энэ онд болгон наашлуулсан билээ. Рио тинто талаас ногдол ашигт хэдэн төгрөг өгөхийг албан ёсоор зарлаагүй ч засгийн газар 3 их наяд хэмээн тооцоолж 2 их наядаар төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, 1 их наядыг иргэдийн баялгийн санд хуримтлуулахаар шийдвэрлэж, иргэдээс санал асууж буй.
Иргэд ногдол ашгаа бэлнээр авах сонирхолтой байгаа хэдий ч одоо мөрдөгдөж буй хуулиар боломжгүй. Харин УИХ-ын гишүүн эсвэл Засгийн газраас яаралтайгаар тогтоолын төсөл санаачилж дэмжигдвэл иргэдэд бэлнээр өгөх боломж бүрдэнэ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Ард түмэн баялгийнхаа хувь хишгийг хүртэх эрхтэй. Иргэд үнийн өсөлтөд дарлуулж, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Тиймээс ногдол ашгийг бэлнээр өгч , дэм болох нь зөв” хэмээн тогтоолын төсөл санаачилж, иргэдийг дэмжин саналаа өгөхийг уриалсан. Хэрвээ иргэдэд ногдол ашгийг бэлнээр өгвөл нэг хүнд 857 орчим мянган төгрөг ноогдоно.

Оюутолгойг тойрсон дараагийн ноцтой асуудал бол 2026 оны зургаадугаар сарын 22-нд “Онтрэ” ХХК-аас 24.3 тэрбум төгрөгийг манай улсын данс руу шилжүүлсэн байна. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Манай данс руу 24.3 тэрбум төгрөгийн татварыг шилжүүлсэн байна. Тэгэхээр Засгийн газар чимээгүйхэн “Онтрэ” ХХК-д лицензээ шилжүүлчхэв үү?” гэх асуудлыг хөндөв.
“Онтрэ”-гийн эзэмшиж буй Оюутолгойн гүний ордын үргэлжлэл Шивээ толгой, Жавхлантын лиценз нь 54 тэрбум ам.долларын орлого олох боломжтой.


Үүний хариуд Сангийн сайд З.Мэндсайхан “ Онтрэ ХХК-аас лиценз шилжүүлэх татвараа өөрөө тооцож, 24.3 тэрбум төгрөгийг Монгол руу татварын орлогын дансанд шилжүүлсэн боловч Татварын алба уг мөнгөн дүнг нэхэмжилсэн зүйл байхгүй. Шаардлагатай татварын тодорхойлолтыг өгөөгүй бөгөөд лиценз шилжүүлсэн үйлдэл хийгдээгүй. Хэрвээ лицензийг шилжүүлэхээр болбол заавал УИХ-аар ордог хуультай. О.Батнайрамдал гишүүн улс төрийн шоугаа хийхдээ намайг хууль зөрчихийг шахаж болохгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Ямартай ч монголчууд баялагтаа эзэн болж, хараа хяналтаа сайжруулсаар байгаа нь сайн хэрэг. Өгөөжөө хэрхэн хүртэхийг ард түмэн анхааралтай ажиглаж байна.
