М.Нансалмаа
Сэтгүүлч
Гадаад мэдээ
3 цагийн дараа
121
80 жилийн өмнөх энэ өдөр анх удаа сансраас дэлхийн зургийг буулгаж байжээ

1946 оны аравдугаар сарын 24-Хүн төрөлхтөн анх удаа сансраас эх дэлхийгээ гэрэл зурагт буулгасан түүхэн өдөр

Одоогоос 80 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын Нью-Мексико муж дахь Уайт-Сэндсийн туршилтын талбайгаас V-2 пуужин хөөргөж, дэлхийн гадаргын зургийг сансрын өндрөөс авчээ. Энэ нь хүн төрөлхтөн дэлхийг сансраас гэрэл зурагт буулгасан анхны тохиолдол болсон юм.

Энэхүү туршилтыг Дэлхийн хоёрдугаар дайны дараа олзолж авсан Германы V-2 пуужинг ашиглан хийжээ. Туршилтын үеэр 35 миллиметрийн кино камерыг пуужинд суурилуулж, 1.5 секунд тутамд нэг кадр авч, пуужин ойролцоогоор 105 километрийн өндөрт хүрсэн байна. Энэ өндөр нь сансар огторгуйн зааг гэж түгээмэл үздэг 100 километрийн түвшнээс дээш байв.

Пуужин хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа дэлхийд буцаж унан, камер нь сүйдсэн ч зургийн хальс гэмтэлгүй үлджээ.

Эрдэмтэд хальсыг гарган авч, зургийг боловсруулснаар дэлхийн гадарга болон тэнгэрийн хаяаг сансраас харуулсан анхны дүрсүүдийг олж авч чадсан байна.

Тухайн үед хиймэл дагуул хөөргөөгүй байсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улс “Спутник-1” хиймэл дагуулаа хөөргөхөөс 10 гаруй жилийн өмнө юм. Иймээс уг туршилт нь сансраас дэлхийг судлах, гэрэл зураг авах технологийн хөгжилд чухал алхам болсон юм.

Гэхдээ 1946 онд авсан зураг нь дэлхийг бүхэлд нь бөөрөнхий хэлбэрээр харуулсан зураг биш байв. Харин дэлхийн гадарга, тэнгэрийн хаяа болон дэлхийн муруйлтыг сансрын өндрөөс харуулсан хар, цагаан дүрсүүд байлаа. Дэлхийг бүхэлд нь нэг кадрт багтаасан зургийг хожим 20 жилийн дараа 1966 онд Зөвлөлтийн “Молния-1-3” хиймэл дагуулаар авчээ.