
Намрын сэрүүхэн орой. Нийслэл хүрээнд хэдийнээ утаа ханхлаад эхэлжээ. Гэр гэр лүүгээ яарсан хүмүүс нийтийн тээвэрт чихэлдэж, зарим нь зогсоол дээр амнаасаа уур савсуулан зогсоно. Даарч алхахгүйн тулд хэзээ урагшлах нь мэдэгдэхгүй гацаа түгжрэлийн эгнээн дэх унаандаа сууна. Энэ хотын эд эс болж оршихуй нь үнэндээ тун ч хэцүү санагдана.
Бүгд дор бүрнээ хувь хувиа бодоцгоож, хэн ч хэнийг ч хайрлахгүй болохоор дулаахан өдөр ч хүйтэн харцанд хайруулах нь аймшигтай. Хотын гудамжаар завгүй сүлжилдэх хүмүүс зорьсон газар луугаа зогсолтгүй алхлах нь замдаа таарсан юуг ч дайрч чадахаар ширүүн харагдана. Хөдөө нутгийн охинд энэ бүхэн дэндүү бачимдмаар агаад эхэндээ амгалан нуураасаа гарсан загас эрэг дээр тийчилж байгаа юм шиг санагддаг байлаа.
Нүдэнд дасал болсон хөх уулсынхаа оронд шил толин, шохой чулуун, тоосго туйпуун барилгуудаар хүрээлүүлж, бүдрээд унахад өвдөг шалбалдаггүй зөөлхөн бор шорооны оронд гутлын өсгийтэй точигнотол хэрэлдэх хатуухан замаар алхаж, танил гэхэд дэндүү танил хүмүүсийн царайны оронд анхны бөгөөд сүүлийн удаа үзэгдээд л өнгөрөх үл мэдэх төрхүүдтэй зөрөлдөнө.
Хотын хүмүүс нар луу тэнгэр лүү огт хардаггүйг анх ихээхэн гайхдаг байлаа. Хөдөө бол цаг үргэлж хараагаа уул тал руу эсвэл тэнгэр өөд бэлчээж байдаг сан. Тэгээд дараа нь ойлгосон, хөөрхий завгүй шоргоолжнууд ахуй дороосоо хэтрэхгүй завгүй сүлжилдээд тэнгэрт санаархах сөхөөгүй байдагтай л агаар нэгэн ажээ.
Хотод ирэхээс өмнө өвөл миний дуртай улирал байлаа. Үгүй ээ одоо ч дуртай. Гэхдээ зөвхөн хөдөө нутгийн өвөлдөө дуртай. Гэрэл чийдэн өлгөсөн гудамжинд том том ширхэгтэй цас намуухан бударлаа ч хөдөө талын жирийн нэгэн цэлмэг өдрийг ч гүйцэхгүй шүү дээ. Миний хайртай өвөл бол битүү цагаан тал маань шөнөөр ч өөрөөсөө гэгээ татуулж, цэлмэг тэнгэрийн одод бөөрөнхий дэлхийн ханыг дагах мэт бөмбөрцөглөж харагддаг юм. Өвлийн агаар бүх сэтгэлийг цэлмээхээр тийм цэнгэг санагддаг байсан. Улаанбаатарын утаа, халтиргааны талаар энд дурдаад ч хэрэггүй биз дээ.
Эхэндээ би л ганцаараа ингээд байна гэж бодсон ч орон нутгаас ирсэн бүх оюутнууд ялгаагүй л гэрээ, нутгаа санаж байдгийг ойлгосон.Хичээл дээр бидний шинжилсэн эх дотор “Нутаг минь, нууж унагасан нулимс минь” гэдэг өгүүлбэр гарахад ангийнхан зарим нь санаа алдаж, зарим нь бүр дуу алдав. Багш “Та нарын насан дээр чинь нутгаа санадаг юм уу? Нөгөө crush энэ тэрээ боддоггүй юм уу?” гэж шоглож билээ. Манай ангийн оюутнууд ихэнх нь орон нутгийнх л даа.
Хэдийгээр бид эх орондоо байгаа боловч өөрсдийн тоонотоо, төрж өссөн нутгаа үгүйлэн байгаа нь Монгол хүнд л байдаг өөриймсөг, элгэмсэг сэтгэл гэлтэй. Хар яриагаар бол “Хөдөөний оюутнууд”-ын талаар хошин шог, хөгтэй яриа олон бий. Гэхдээ тэдний сэтгэл зүй өчнөөн хүнд саадыг давж байж, сая нэг юм дасан зохицож байдгийг хүн бүхэнд ойлгуулмаар санагддаг юм.
