
Нөмрөгийн дархан цаазат газар найм хоног түймэрт шаруулж, 80 хувь нь шатчихаад байгаа билээ. Нийт 468 мянган га талбай түймэрт өртсөн байна. Энэхүү түймэр нь Мобиком корпорацын автомашин шатсаны улмаас гарсан юм. Тус корпорацаас гаргасан хамгийн сүүлийн албан ёсны мэдэгдлээс дүгнэвэл,
Мобикомын удирдлага болон ажилтан нийлсэн 7 хүн, 2 тээврийн хэрэгслээр зорчиж явсан бөгөөд холбогдох байгууллагын тээврийн хэрэгслүүд цувааны урд болон хойно чиглүүлж явсан байна. Сүмбэр боомтын захиргааны хүсэлтээр 4G сүлжээ болон үндсэн шилэн кабелийн сүлжээг ашиглалтад оруулах арга хэмжээнд оролцох, 4G сүлжээний үйлчилгээний чанарыг үнэлэхээр ажиллаж байжээ.
Мөн Мобиком корпорацын зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулж, хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн гэжээ.
Харин шадар сайд Н.Номтойбаяр “Нөмрөгийн дархан цаазат газарт 4G сүлжээ, шилэн кабель суурилуулах ямар ч шаардлагагүй” гэв.
Н.Номтойбаяр: “Би найман жил Дорнод аймгийн төлөөлж УИХ-д гарсан гишүүн. Нөмрөгийн застав руу шилэн кабель тавьдаг гэж би лав сонсоогүй. Тэнд тавих шаардлагагүй. Би тухайн үед хувиасаа төсөв гаргаж, интернэттэй болгож байсан. Нөмрөгийн заставд хэдэн хүн байгаа нь нууцын зэрэглэлтэй байдаг. Гэхдээ тэр хүмүүст шаардлагатай интернэтийн хэрэглээг хангахын тулд 100 гаруй километрийн шилэн кабель тавих шаардлагагүй”
Түймрийн хохирлын хэмжээг 30 хоногийн дотор тогтоох ёстой. Гэвч одоогийн байдлаар (2026.10.25) газар зүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хохирлын хэмжээг тогтоох ажил түр саатжээ.
Автомашин, мотоцикль, мориор нэвтрэх боломжгүй болсон талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ. Иймд нисдэг тэрэг ашиглах, хөрш улсуудтай хамтран ажиллах боломжийг судалж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хохирлын хэмжээг тогтоосны дараа хариуцлага хүлээлгэх асуудал яригдах юм.
Манай улсын онцгой байдлын техник хэрэгслийн дутагдалтай. Шадар сайд Номтойбаярын мэдээлснээр, 1.5 их наядын төсөв шаардлагатай. Онцгой байдал болон ус цаг уурын тоног төхөөрөмж асар хоцрогдсон. Улсын хэмжээнд зургаан радар ( цаг уурын урьдчилсан мэдээ, мэдээллийг нарийвчилдаг төхөөрөмж) байгаагийн дөрөв нь 1999 оных аж.
21 аймгийн Онцгой байдлын газруудад
-Гал унтраах тусгай зориулалтын автомашины хангалт 62.8 хувь
-Үйлдвэрийн объектын буюу хөөс үүсгэгч бодисоор гал түймэр унтраах машины хангалт 30.9 хувь
-Өндрөөс аврах, гал түймэр унтраах автомеханик шатны автомашины хангалт 83.3 хувьтай байна.
