Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2 цагийн дараа
165
Төрдөө мартагдаж "төмөр замаар" хашуулсан иргэд...

Энэ сарын 11-нд Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр нээгдэн ашиглалтад орсон. Тухайн төмөр замыг Монголчууд өөрсдийн хүчээр барьж байгуулсан хэмээн сүржин нээлт хийгээд амжсан.

Гэвч Эмээлтээс Толгойт өртөөг холбох хэсэгт төмөр замын гарам шийдээгүйн улмаас суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Гарамгүй төмөр зам баригдвал тухайн иргэд урд талаараа Туул гол, ар талаараа төмөр замаар хашигдаж төрдөө мартагдаж, нийгмээс тусгаарлагдах эрсдэлтэй болжээ. 

СХД-ийн 20-р хороонд энгийн үед ч түргэн, цагдаа, галын машин ирэх дургүй байдаг байна. Харин гарц гарамгүй болбол тухайн бүсэд амьдарч байгаа иргэд урд талаараа туул голоор ар талаараа төмөр замаар хашуулж үндсэн хуулиар олгогдсон наад захын эрхээ эдлэх боломжгүй болох юм. 

СХД-ийн 20-р хорооны иргэн: Ойр хавьд дэлгүүр ч байхгүй. Эм, хүнсний бүтээгдэхүүн гээд бүх зүйлээ хот руу явж авдаг. Өндөр настай хүмүүс олон байдаг. Хорооны эмч ирж үзэхдээ ч дургүй байдаг. Танайхыг олсонгүй гээд дургүй ханддаг. Тиймээс энэ төмөр замд л гарц гарам гаргаад өгөх хэрэгтэй байна. Хүний амьдралд юу эс тохиолддог билээ. Түргэн, гал команд, цагдаа дуудахаар ирдэггүй. Одоо орох гарах гарцгүй болбол бүр ирэхгүй. Тэгээд бидний амьдрал бүр дуусна гэсэн үг.

СХД-ийн 20-р хорооны иргэн: Сургуулийн хүүхдүүд өглөө оройдоо хичээл сургуульдаа явдаг. Манай ач нар ирэхэд энэ замыг хаагаад хүүхдүүд маань буцаад явчихсан. Ямар ч амьдралгүй болохоор байна. Энд 60 гаруй жил амьдарсан хүмүүс ч байгаа. Энд амьдардаг хүмүүсээ бодож төр засаг гарц гаргаж өгөх байх гэж л горьдож байна.

О.Баттулга бизнес эрхлэгчийн төлөөлөл: Төсөл хэрэгжүүлэгч Монголын төмөр замаас асууж тодруулсан. Тухайн төмөр замын урд амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс олон байна. Гарц гарам гаргаж өгөх үү гэж тодруулахад, зураг төсөл дээр нь гарц гарам төлөвлөгдөөгүй талаар бидэнд хэлсэн. Тиймээс бид Зам тээврийн яам, Нийслэлийн авто тээврийн хөгжлийн газарт хандаж албан хүсэлтээ өгсөн.

Дээрх төрийн байгууллагууд сурсан зангаараа гөлөг төөрүүлэх зарчмаар бие бие руугаа дамжуулж, хамгийн сүүлд нь Нийслэлийн авто замын хөгжлийн газар гарц гарам байгуулах төсөв бидэнд байхгүй гэх хариу өгсөн.

4 метр өндөр далантай төмөр замын бүтээн байгуулалт хийгдэнэ. Урд талаараа бид Туул голоор хашигдаж, хойд талаараа төмөр замаар хашигдаад арал дээр хэсэг бүлэг иргэд, аж ахуйн нэгж нийгмээс тусгаарлагдаж үлдэнэ.

Хамгийн ноцтой нь гэмт хэрэг зөрчлийн дуудлага өглөө гэхэд цагдаа ирж чадахгүй. Хэн нэгний бие муудаад түргэн дуудахад түргэн ирэхгүй. Гал гарахад галын машин ирэхгүй.

Иргэдийн эрх ингэж зөрчигдөж байгаа. Мөн цөөнгүй тооны аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Нийлбэр дүнгээрээ 40-50 ажилтан байгаа. Эдгээр хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх эрх ноцтой зөрчигдөж байна. Нийт иргэдийн чөлөөтэй зорчих эрх зөрчигдөж байна. Үндсэн хуулиар олгогдсон маш олон хүний эрхийг зөрчиж төр хүчээр зам барьж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг бид ерөөсөө эсэргүүцээгүй. Харин ажил, бүтээн байгуулалт хийхдээ төр захиргааны байгууллагууд уялдаа холбоогүй, мэдээлэлгүй ажиллаж байгаа гэдгийн тод жишээг эндээс харж болно.

Мөн СХД-ийн 20-р хорооны засаг дарга н.Чулуунхүүд бид гомдолтой байгаа. Энэ хүнд бид хамгийн түрүүнд хандсан. Иргэдийн эрх ашиг ингэж зөрчигдөж байна төрийн байгууллагад биднийг төлөөлж дуу хоолойгоо хүргэхийг хүссэн. Гэвч ямар ч үйлдэл хийгээгүй.

Маргааш иргэд хэвлэлд мэдээлэл өгнө та энд хүрээд ирээч гэж гуйсан. Тэгэхэд би тийм зүйл дээр очихгүй. Дээд шатны дарга нарын шийдвэрийг би эсэргүүцсэн болно гэсэн хариу өгсөн.

Бид энд зохих журмын дагуу газраа өмчлөөд амьдраад, бизнесээ эрхэлж байгаа. Гэтэл нэг л өдөр хэн дуртай нь орж ирээд хашааг нь нураагаад л хашааны голоор нь төмөр зам барьдаг. Өнгөрсөн долоо хоногт шууд нэг айлын хашааг нь нураагаад төмөр зам барина гэхэд цагдаа дуудаад асуудлыг түр зогсоосон байгаа.

Шууд дамжуулалт үзэх: