УИХ
2 цагийн дараа
891
Т.Аубакир: Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ

Өмнө нь иргэд зөвхөн Нийгмийн даатгалын үндсэн сангаас тэтгэвэр авдаг байсан бол одоо гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа юм. Тэтгэврийн шинэчлэл болон тэтгэврийн нэмэгдлийн талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.

Монгол Улс анх удаа олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж байна. Өмнө нь иргэд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг байсан бол одоо гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар улсын төсвөөс шууд санхүүжих суурь тэтгэврийг бий болгосон. Энэ нь иргэний ажилласан жилээс хамааран 100-300 мянган төгрөг байх юм.

Суурь тэтгэвэр нь иргэний төлсөн шимтгэлээс хамаарахгүй. Суурь тэтгэвэр авахын тулд эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн байх шаардлага тавьж байна. Цэргийн алба хааж, эрт тэтгэвэрт гарсан иргэд ч дээрх насанд хүрсэн тохиолдолд суурь тэтгэвэр авах боломжтой.

Хоёрдугаарт, иргэд ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамааран нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ. Гуравдугаарт, иргэд хувийн нэмэлт тэтгэврийн санд хуримтлал үүсгэх боломжтой болно.

Тэтгэврийн шинэчлэл нь бага орлоготой тэтгэвэр авагчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой. 2026 оны улсын төсвийн тодотголын гол зорилго нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх байсан бөгөөд үүний хүрээнд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, суурь тэтгэврийг хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн худалдан авах чадварыг бууруулахгүй байх зорилгоор тэтгэврийн хэмжээг өмнөх оны жилийн дундаж инфляцын түвшинтэй уялдуулан жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр заасан гэдгийг хэллээ.