

Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр шуурхайн хурал зарлан хуралдлаа. Цахимаар Нөмрөгийн дархан цаазат газар ажиллаж байгаа шинжээчдийн баг оролцсон. Хохирлыг үнэн бодитоор тогтоохын тулд бүх цэгт очиж ажиллах шаардлагатай байна. Үүний тулд нисдэг тэргээр явахаас өөр боломжгүй гэдгийг хэллээ. Ажлын хэсгийн ажиллаж байгаа буюу түймэрт өртөөгүй үлдсэн газарт ан амьтны нягтаршил их байна. Гурван автомашинтай, 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
Одоогийн нөхцөлд эрчим хүчний эх үүсвэргүй учир цахилгаан хэрэгтэй байна. Харин хоол хүнсний хангамж харьцангуй гайгүй байгаа. Хууль зүйн яамны дэд сайд мөн оролцсон.
Одоо гаргаж байгаа хохирлын тооцооны дүгнэлт цаашид асуудал шүүхэд очиход нотлох баримт болж чадах эсэх нь чухал байна. Шүүх хурлын үеэр газар дээр нь дахин хохирлын үнэлгээ хийх асуудал яригдаж магадгүй. Иймээс эргэж буцан, цаг хугацаа алдахгүйн тулд анхнаасаа мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн шинжээчдийн баг ажиллуулах шаардлагатай.
Өнөөдөртөө багтаан Шүүх шинжилгээний байгууллагаас шалгаж, ажиллуулахаар боллоо.
Хуулийн хугацаанд багтаан хохирлыг үнэн зөв тогтоох, газар дээр ажиллаж байгаа мэргэжлийн багийн хэрэгцээ, шаардлагыг хангах чиглэлээр ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт аврах ажиллагаанд зориулсан, 6–7 хүний багтаамжтай жижиг оврын онгоц бий.
Уг онгоц Улаанбаатараас Хэнтийд, Хэнтийгээс Дорнодод, Дорнодоос Халхголд шатахуун нэмж цэнэглэсний дараа Нөмрөгт хүрэх боломжтой. Үндсэндээ гурваас дөрвөн удаа шатахуун цэнэглэх шаардлагатай. Одоогоор Халхгол болон Дорнодод онгоцны шатахуун байхгүй байна. Иймээс онгоцны шатахууныг Улаанбаатараас яаралтай хүргэх хэрэгцээ үүсээд байгаа.
Маргаашаас ОБЕГ-ын онгоцыг мэргэжлийн шинжээчдийн багийн ажилд ашиглахаар шийдвэрлэлээ.Олон нийтийн сүлжээгээр түгээж буй зарим дүрс бичлэг нь 2023 онд Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийн үеийнх байна.
Энэ удаагийн түймрийн улмаас галд шатаж үхсэн ан амьтан одоогоор таараагүй гэдгийг газар дээр ажиллаж буй шинжээчдийн баг мэдээллээ. Харин БНХАУ-ын нутаг дэвсгэр рүү хэдэн тооны амьтан шилжин гарсныг тооцоолох боломж одоогоор байхгүй байна. Хамгийн гол нь хохирлыг мэргэжлийн шинжээчээр тогтоохоор ажиллаж байна.
Мэргэжлийн үнэлгээний холбооноос хүмүүсийг сонгон шинжээчээр ажиллуулж байгаа аж. Сүүлийн хэдэн жилд Нөмрөгийн бүсийн ховор ургамлын судалгаа хийгдсэн ч ан амьтдын судалгаа сүүлийн 10–20 жилд хийгдээгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн ан амьтдын тоо толгойг тогтоох ажлыг цаашид зохион байгуулна.
Мөн Мобиком компаниас шаардлагатай тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэхээ илэрхийлсэн гэдгийг хэллээ.
