

Нөмрөгийн дархан цаазат газрын түймэр болон Дорнод аймаг дахь онцгой байдлын албан хаагч, техник тоног төхөөрөмжийн талаар УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн мэдээлэл өглөө.
Нөмрөгийн дархан цаазат газарт хамгаалалтын албанаас зөвшөөрөл авалгүйгээр ямар эрх бүхий албан тушаалтнууд нэвтэрсэн бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Сүмбэрийн боомтод интернэтийн шилэн кабель татах ажил хийж, энэ талаар олон нийтэд мэдээлсэн байж болно. Харин уг ажлыг дуусгасны дараа амралт, зугаалгын зорилгоор Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтэрсэн үү гэдгийг тодруулах хэрэгтэй.
Аймгийн хэмжээнд техник хэрэгслийн хангамж хангалтгүй байна. Дорнод, Сүхбаатар аймагт өвс хуурайшдаг учраас жил бүр түймэр гарах эрсдэлтэй. Олон аймагт ажиллаж байгаа эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг улирлын чанартайгаар тухайн бүс нутагт ажиллуулах тогтолцоо бий болгох шаардлагатай.
Бусад үед нь өөр газарт ажиллуулах боломжтой. Ой мод удаан шатдаг бөгөөд үндэс хүртлээ шатвал дахин ургах нөхцөлгүй болдог. Харин өвс дараа жил нь дахин ургана. Иймээс хавар, намрын эрсдэлтэй үед аврах хөдөлгөөнт бүлгүүдийг ажиллуулах тогтолцоог шийдвэрлэх хэрэгтэй. Гал үлээх, унтраах зориулалтын техник, тоног төхөөрөмж байгаа ч орон нутгийн төсөв мөнгө хязгаарлагдмал, байгууллагуудын чиг үүрэг өөр байдаг.
Мөн 2027 оны төсөвтэй холбоотой хийгдэх ажлуудын талаар:
Дорнод аймагт иргэдэд мэдээлэл хүргэх, үйлчилгээ үзүүлэх төвийн барилга барих шаардлага бий. Засаг даргын Тамгын газрын барилгыг шүүмжилдэг ч аймагт Тамгын газрын барилга огт байхгүй гэж хэлээгүй. Харин иргэдэд үйлчлэх, мэдээлэл хүргэх төвийн хэрэгцээ шаардлага байгаа учраас барьж байгаа юм. Тамын 50, Гунигийн 30 гэх замын ажлууд үргэлжилж байна. Мөн Хавиргын боомт чиглэлийн замын ажил үргэлжилж байгаа. Зүүн бүс газрын тосноос орлого олдог ч Матад суманд эмнэлэг, сургуулийн хүртээмж маш муу байна. Хэрэгцээ, шаардлагад үндэслэн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох ёстой. Гэвч 130 мянган га хүртэлх талбайд Геологийн албанд хүсэлт гаргаж, гэрээт талбай нэрээр авч, үүнийхээ 20 хүртэлх хувийг лиценз болгох асуудал байна. Энэ нь сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгож байгаа, хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн.
