

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Chromebook болон цахим шилжилтийн талаар мэдээлэл өглөө.
Хөдөө орон нутгийн 789 сургуульд цахим шилжилт хийх шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар нэг компьютерын ард 12 хүүхэд сууж байна. Тиймээс хүүхдүүдийн компьютерын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Боловсролд зарцуулж байгаа нэг төгрөг хэдэн төгрөгийн өгөөж өгөх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Нэг хүүхдийн боловсролд манай улс 700 ам.доллар зарцуулж байгаа бол бусад улс оронд энэ үзүүлэлт 4000 ам.долларт хүрдэг. Үүнийг цахим шилжилтээр шийдвэрлэх боломжтой.
Багш нь ухаалаг самбаргүй, компьютергүй байхад XXI зууны хүүхдийг бэлтгэх тухай ярьж болохгүй. 800 тэрбум төгрөг гэсэн тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Цахим шилжилтийг хэрэгжүүлэхийн тулд 300 мянган компьютер шаардлагатай. 2031 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Боловсролын салбарын төсөв 6.4 их наяд төгрөг болж байна. Үүний 10 хувь буюу 640 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах шаардлагатай байхад жилд 60-80 тэрбум төгрөг төсөвлөөд боловсролын салбарын шинэчлэлийг хийж чадахгүй. Хүүхдүүд компьютертэй болсноор хиймэл оюун ухаанд суурилсан туслах багштай болно. Мөн багш бүрд хиймэл оюун ухааны туслах бэлдэж байна. Монгол хүүхдүүдийн сурлагын хоцрогдол их байгаа учраас цахим контент нэвтрүүлж, хоцрогдлыг арилгах хэрэгтэй. Байгалийн ухааны лабораторигүй учраас цахим лабораторийн хичээл оруулахаар төлөвлөж байна.
Хамгийн харамсалтай нь 2027 оны төсөв дээр байхгүй тоо гаргаж ирж байгаа явдал юм. Энэ жил 150 тэрбум төгрөгөөр 100 мянга гаруй Chromebook, 25 мянган ухаалаг самбар авах гэж байна.
Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа хоёрхон сургууль бий. Эдгээр сургуулийг арваннэгдүгээр сардаа багтаан хоёр ээлжээр хичээллэдэг болгохоор ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсад гурван ээлжээр хичээллэх сургуульгүй болох юм. Нэгхэн намар олон жилийн тогтолцооны гажуудлыг арилгах боломжгүй.
