М.Нансалмаа
Сэтгүүлч
Ярилцлага
3 цагийн дараа
395
С.Хулан: Хүүхдээ мангасаар айлган унтуулж, нуугдаж тоглохдоо цочоож болохгүй

Та хүүхэдтэйгээ “Хоолоо идсэн үү, даалгавраа хийсэн үү, эрт унтаарай, утсаа боль” зэрэг үгсээр л харьцдаг юм биш биз? Хүүхдийн сэтгэл заслын доктор С.Хулантай хүүхдийн айдас болон эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах арга барилын талаар ярилцлаа.

Эцэг эхчүүд тавьсан шаардлагаа биелүүлэхийн тулд хүүхдээ айлгаж, сүрдүүлэх байдлаар хүмүүжүүлэх нь ямар үр дагавартай вэ?

-Хүүхдэд төрөлхийн болон олдмол гэсэн хоёр төрлийн айдас байдаг. Төрөлхийн айдас нь нас насанд нь тодорхой хэмжээнд илэрдэг нийтлэг айдас гэсэн үг. Харин үүсмэл айдсыг эцэг эхийн хүмүүжлээс, нийгмээс олж авдаг.

Таны хэлсэнчлэн “Цагдаа ирээд авчихна шүү, эмчид очоод тариулчихна шүү, танихгүй хүн ирээд авчихна шүү” гэх мэт.

Жишээ нь “танихгүй хүн ирээд авчихна” гэж хэлдгээс болоод хүүхдэд шинэ хүнтэй танилцах, олны өмнө гарч өрийгөө илэрхийлэхээс айх айдас далд хэлбэрээр үүсэх магадлалтай.

Хүүхдэдээ айдас бий болгодог түгээмэл алдаанууд юу вэ?

Нэгдүгээрт, аав ээжүүд өөрсдөө айдсыг үүсгэхгүй байх нь чухал. Аливаа мэдээллийг өгөхдөө айлгах хэрэггүй. Хүүхдээ унтуулахын тулд мангас ярих шаардлагагүй л гэсэн үг. Тайвшруулж унтуулах нь хамгийн чухал. “Унтахгүй бол хадны мангаа ирээд авчихна шүү” гээд дуу чимээ гаргаж, айлгасаар байгаад унтуулчихдаг. Ингэж унтахаар тархинд аюулаас сэрэмжлэх мэдрэмж төрөөд бүрэн амарч чадахгүй.

Хоёрдугаарт, санамсаргүй байдлаар айдас үүсгэх. Жишээ нь нуугдаж тоглож байхдаа гэнэт цочоох. Энэ нь хүүхдэд мангас байж магадгүй гэдэг айдсыг төрүүлдэг. Тиймээс санамсаргүй байдлаар айдас үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй.

Мөн эцэг эхчүүд өөрсдийнхөө айдастай ажиллах. Хүүхэд нь оройтож ирэхэд бухимдаж загнах, эрсдэлийг тоочиж айдас төрүүлэх тохиолдол элбэг байдаг. Үүний цаана аав, ээжүүдийн өөрсдийнх нь айдас, хүүхдэдээ санаа зовсон хайр байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө зөвөөр илэрхийлэх хэрэгтэй. Хүүхэд далд санааг ойлголгүй өөрсдийг нь загнаж байна гэж л хүлээж авдаг.

Гуравдугаарт, хүүхдээ тайвшруулахдаа “Юунаас нь айдаг юм бэ, аймар зүйл биш шүү дээ” гэж хэлдэг. Гэхдээ айж байгаа л юм чинь тухайн хүүхдэд аймар байгаа л гэсэн үг. Тиймээс сэтгэл хөдлөлийг нь хүүхдийнхээ оронд ойлгох хэрэгтэй. Өөрийнхөө үүднээс харж, дүгнэх гэж оролдохоор л бурууддаг. Шүүмжлэхгүйгээр сонсох нь чухал.

Хүүхэдтэйгээ ярилцах дадлыг хэрхэн бий болгох вэ?

Манай аав, ээжүүд сонсдог төрлийн хүмүүс биш. Ахуй соёлтойгоо холбоотой байх. Нүүдэлчин малчид чинь байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас ширээний ард суугаад нүүр нүүрээ хараад юу ярихаа ч мэддэггүй.

Сүүлийн үед аав ээжүүдийн хэлдэг үг ерөөсөө л “Хоолоо идсэн үү, даалгавраа хийсэн үү, эрт унтаарай, утсаа боль”. Ийм л үгсээр хүүхэдтэйгээ харьцдаг. Энэ бол ярилцлага биш шаардлага.

Хамгийн түгээмэл зөвлөгөөнүүд бол хүүхдээ сонсох, 10 минут гаргаж тоглох, унтахын өмнө 10 минутыг зарцуулах. Эцэг эхчүүдийн үүрэг нь хүүхдээ хамгаалах, тэжээх ч гэсэн орчин үеийн хүүхдүүдэд сэтгэлзүйн хэрэгцээ их чухал болсон. Тэр хэрэгцээг хангахын тулд өдөрт 30 минут л зарцуулахад болно.

Бүрэн ойлголцож, ярилцдаг болохын тулд ямар анхны алхмыг хийх нь зүйтэй вэ?

Сонсох техник гэж бий. Хүүхдээ ярьж байх үед нь утас, ажил юу ч бодолгүй зөвхөн хүүхдэдээ анхаарах хэрэгтэй. Ярьж дууссаных нь дараа агуулгаар нь давтаж хэлэх арга байдаг. Ингэснээр хүүхдэд өөрийг нь анхаарч, ойлгож, хайрлаж байгаа мэдрэмж төрдөг.

Аав ээжүүд энийг л хийгээд сурчихвал дараа нь ямар нэгэн асуудал тулгарахад хүүхэд асуудлаа нуулгүй нээлттэй ярьж, эрсдэлтэй алхам хийхээс сэргийлнэ гэсэн үг. Эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдэдээ итгээд сэтгэл амар байж чадна шүү дээ.

Ярилцахын тулд хүүхдээсээ байнга асуулт асуудаг байх хэрэгтэй юм шиг санагддаг

-Асуулт тавих нь өөрөө урлаг болчхоод байгаа юм. Дандаа нээлттэй асуулт тавих хэрэгтэй. Тийм, үгүй гэж хариулах асуулт тавихгүй нь байна шүү дээ. Санал бодлыг нь сонсож болохуйц нээлттэй асуулт асуух нь чухал. “Хичээлээ хийсэн үү” гэж асуувал хийсэн эсвэл хийгээгүй гэж хариулаад л дуусна. Харин “Энэ талаар чи юу гэж бодож байна?” гэх зэргээр мэдрэмжийг нь асууж болно.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцлага үзэх: