Нийгэм
3 цагийн дараа
103
Дизель түлшний үнийн өсөлт өрхийн халаасыг тэмтэрч эхлэх үү?

Дизель түлшний үнэ 24 орчим хувиар өсөж, өвлийн дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутам 800-900 төгргөөөр нэмэгдэх нөхцөл үүсээд байна. Түлшний үнийн өсөлт тээюэр, уул уурхай, хөдөө аж ахуйн зардлаар дамжин хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлбөл эцсийн ачааллыг иргэд үүрнэ. 

2026 оны аравдугаар сарын 22-ны байдлаар ОХУ-аас импортлох дизель түлшний үнэ тонн тутамд 1,253 ам.доллароос 1,551 ам.доллар болж өсжээ. Энэ нь ойролцоогоор 24 хувийн өсөлт юм. Үүнтэй холбоотойгоор өвлийн дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамд 800–900 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн талаар АҮЭБЯ-ны дарга Ч.Хишигдалай мэдээлсэн. Харин Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа зуны дизель түлшнээс өвлийн дизель түлш рүү шилжиж буй энэ үед олон улсын зах зээлд үнэ ойролцоогоор 20 хувиар өссөн.

Монгол Улсад дизель түлшийг нүүрс тээвэр, уул уурхайн хүнд машин механизм, ачаа тээвэр, газар тариалангийн салбарт өргөн ашигладаг тул үнийн өсөлтийн нөлөө олон салбарт дамжих боломжтой. Дизель түлшний үнэ нэмэгдсэнээр мах, гурил, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх зардал өсөх магадлалтай. Ингэснээр бөөний болон жижиглэн худалдааны үнэд нэмэгдэх дарамт үүснэ. Ялангуяа алслагдсан аймаг, сумдад бараа бүтээгдэхүүн хүргэх зардал нэмэгдсэнээр үнийн өсөлт илүү мэдрэгдэх эрсдэлтэй.

Уул уурхай, тээврийн зардал нэмэгдэнэ Уул уурхайн салбарт ашигладаг экскаватор болон бусад хүнд машин механизмын түлшний зардал нэмэгдэнэ. Мөн нүүрс тээвэр болон хот хоорондын ачаа тээврийн өртөг өсөх нөхцөл бүрдэнэ. Тээврийн компаниуд нэмэгдсэн зардлаа нөхөхийн тулд үйлчилгээний тарифаа өсгөвөл барилгын материал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хүргэлтийн зардалд ч нөлөөлж болзошгүй. 

Түлшний үнэ нэмэгдэх нь эдгээр ажлын зардлыг өсгөхөөс гадна малчдын өвс, тэжээл болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх өртөгт нөлөөлөх боломжтой. Улмаар үйлдвэрлэл, тээврийн зардал нэмэгдсэнээр бизнес эрхлэгчид уг өсөлтийн тодорхой хэсгийг бараа, үйлчилгээний үнэд шингээх эрсдэлтэй. Энэ нь өрхийн өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэх, инфляци өсөх дарамт үүсгэж болзошгүй юм.