Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ерөнхийлөгч
6 цагийн дараа
106
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөсөн.

Айлчлалын үеэр гурван улстай хамтарсан бизнес форумыг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээ хэлцлийг амжилттай хийжээ. Тухайлбал,

1.Герман-Монголын бизнес форумын хүрээнд 6 гэрээ, санамж бичиг байгуулж, нийт 35.5 сая ам.долларын үнийн дүнтэй гэрээг байгууллаа.

2.Финланд-Монголын бизнес форумын хүрээнд нийт 10 сая ам.долларын үнийн дүн бүхий 6 гэрээ, санамж бичиг байгууллаа.

3.Беларусь-Монголын бизнес форумын хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээнүүдийн нийт үнийн дүн нь 50 сая ам.доллар болов.

Төрийн айлчлалын үр дүнгээс тоймловол:

-“Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-ыг байгуулж, Стратегийн түншлэлээ бэхжүүлэв.

-“Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ.

-Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээхээр болов.

-Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг анх удаа төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулж, хамтарсан төслийн уралдааны шилдэг төслүүдийг сонгон шалгарууллаа. Шалгарсан төслүүдэд 35 мянга хүртэлх еврогийн санхүүжилт олгоно.

-Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор их, дээд сургуулиуд хоорондын 7 баримт бичиг байгууллаа.

-Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршуулж, Лайпцигийн их сургуульд дурсгалын самбарыг нээлээ.

-Монгол-Финландын харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, соёл, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 10 баримт бичиг байгуулав.

-“Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцов.

-Монгол-Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг спорт, хөдөө аж ахуй, итгэмжлэл, хөнгөн үйлдвэр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 9 баримт бичиг байгуулав.