
Н.Алтанхуяг: Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой 30-аад хүн үлдсэн юм байна лээ. Өмнө нь дээд шүүх буцааж байсан бол өнгөрсөн баасан гарагт нийслэлийн шүүх буцаалаа. 2022 онд хэргийг өмнөх шат руу буцаахаа больсон шүү дээ. Дөрвөн жилийн хугацаанд 1500 гаруй хэргийг буцаасан байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс нийслэл хэргийг буцаасан нь буруу гэж үзээд дээд шүүхэд өргөдөл гаргасан. Гэтэл дээд шүүх хүлээж авсангүй. Тэгэхээр энэ хэрэг хоёр дахь удаагаа буцаж байна. Одоо анхан шатны шүүх рүү очсон. Дахиад өнөөх дамжлагаараа явах нь. Ял өгөхийн тулд л дахиж буцаагаад байх шиг байна.
Өнгөрсөн долоо хоногт О.Алтангэрэл гишүүн мэдээлэл хийхдээ УИХ-ын баталсан хуулийг зөрчөөд байгаа талаар нийтийн сонсгол хийх санал гаргасан. Тэнд л сайн ярья гэж бодож байна.
Миний ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших горьдлого тасарч байна. Таван удаагийн шүүх хурлын гуравт нь цагаадаж, хоёр нь буцсан. Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд ингэж байна гэж ойлгож байна.
80 орчим хүн хөгжлийн банкны хэрэгт холбогдсон. Надаас болоод тэр хүмүүсийн хэрэг хамт буцаад байгаа учраас үлдсэн 30 гаруй хүн нь гомдолтой байна.
Ямар хүн хуулийг гууль болгож ийм зүйл хийгээд байгааг судална. Би шүүгчдийг бол буруутгахгүй. Яагаад гэвэл шүүх намайг гурван удаа цагаатгасан.
