m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.10.28 17:20
174
Монгол ёс: Шинэ эрин үе ёс уламжлалаа алдаж байна уу?

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж

Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Монголчууд бид эрт дээр үеэс ахмадаа хүндэлж, ахан дүүгээ хайрлан, мэнд усаа мэдэлцэж, үг хэлээ цэгнэж, ёс заншлаа дээдэлж ирсэн ард түмэн. Монгол ёс гэдэг зөвхөн уламжлалт хувцас, баяр ёслол, зан үйлийн цогц биш. Харин монгол хүний хүмүүжил, хүн чанар, бусдыг хүндэтгэх сэтгэл, үндэсний дархлааг илэрхийлдэг үнэт өв билээ. Гэвч даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн энэ цаг үед бид өв соёлоо хэрхэн хадгалж, хойч үедээ өвлүүлж байна вэ? гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч байгаа билээ.

Хэлтэй бол хөлтэй гэдэг ч эх хэлээрээ илэрхийлж чадахгүй үгсээ гадаад хэлээр илэрхийлэх болсон хүүхэд залуус бидний “ирээдүйн толь” гэхэд сэтгэл зовох асуудал болоод байгаа юм.  

Түүнчлэн телевиз, нэвтрүүлгийн зочид, хөтлөгчид хүртэл монгол хэлээрээ санаагаа бүрэн илэрхийлэх боломжтой атлаа гадаад үг хавчуулан ярих нь түгээмэл болжээ. Мэдээж гадаад хэл сурах, олон улсын харилцаанд оролцох нь өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй. Олон хэлтэй байх нь мэдлэг, боломжийн үүд хаалгыг нээдэг давуу талтай. Гэвч гадаад хэлтэй байх, эх хэлээ үл тоомсорлох хоёрын хооронд асар том ялгаа бий.

ЕБС-д Иргэний ёс зүйн хичээл дээр Мэндлэх ёсон гэх хичээл ордог. Гэвч энэ хичээл төдийлөн хүүхдүүдийн анхааралд өртөхгүй байгааг “hi, bye” гэх энгийн харилцан ярианаас нь харж болно.

Geothe бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч ч.Н: “ Хамгийн ихээр нөлөөлдөг зүйл нь интернэт орчин байдаг. Интернэтээс англи хэлээр бичлэг үзэж,  бусад мэдээлэл зэргийг авдаг. Анх уг нь хэлээ сайжруулах гэж найзуудтайгаа англиар ярьдаг байсан ч сүүлдээ дасал болоод англиар ярих хамаагүй амар санагдах болсон. Монгол хэлний хичээл дээр шинэ үгс сурахаас илүү англи хэл дээр түлхүү шинэ үгс үздэг болохоор заримдаа англи хэлээр үгээ орлуулж ярих тохиолдлууд их байдаг.”

Энэхүү хэлний өв соёл алдагдаж буй талаар МУБИС-ын Монгол хэлний тэнхимийн багш Профессор, Доктор Г.Сүхбат-аас бид тодрууллаа.

Г.Сүхбат: “ Улс орныг үгүй хийе гэвэл амархан. Хэлийг нь үгүй хийхэд л болно. Хүүхэд залуус сайн орчуулгатай ном унш” гэв.

Иймд шинэ эрин үед монгол ёс, уламжлал алдагдахад сургуулийн орчин, хэвлэл мэдээлэл, интернэт орчин цогцоороо нөлөөлж байна. Технологи ба даяаршлыг дагаж гадаад хэл сурах нь чухал ч, эх хэл, өв соёлоо ул суурьтайгаар эзэмшихгүй бол үндэсний дархлаа суларна. Иймд гэр бүлийн хүмүүжил, боловсролын систем болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан эх хэлээрээ зөв, яруу ярих дадлыг залууст төлөвшүүлэх нь нэн шаардлагатай байна.

Ч.Амирлин