

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн нөхөр С.Батхүрэлийн Бодитчадал ХХК 2017 оноос хойш нийт 114 тендерт шалгарсан байна. Гэр бүлийн бизнес нь эрчим хүчний салбарын тендерийг хуйгаар нь авдаг учир М.Энхцэцэг “Тендерийн мадам” гэх цолыг хүртээд байгаа юм.
Бодитчадал ХХК нь цахилгаан эрчим хүч дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, тохируулга болон холбогдох ажил үйлчилгээний чиглэлээр бүртгэлтэй. Тус компанийн тендерийн жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр”, дулааны цахилгаан станцууд болон цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний байгууллагуудтай холбоотой худалдан авалтууд багтжээ.
2020 онд тус компани 23.3 тэрбумын тендерт ганцаараа шалгарч авсан гэх мэдээлэл бий. М.Энхцэцэг энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“Би өөрөө 10-аад жил Австралид ажилласан. Нөхөр маань ирэн очин ажлаа хийж байсан болохоор ямар ямар тендер авсан талаар мэдээлэл алга.
Харин 23.3 тэрбумын тендерийн мэдээлэл гарангуут би нөхрөөсөө асуусан. Тэгэхэд, “ХҮН намын дулааны шугам сүлжээний менежер хийж байгаа нэг нөхөр “Та компаниараа тендерт ороод өгөөч ээ” гэсэн талаар ярьсан. Тэр нь 23.3 тэрбумын тендер ч биш, нийлүүлснээрээ санхүүждэг юм шиг байгаа юм. Та бүхэн гүйцэтгэлийг нь харвал, сая төгрөгийн ч гүйцэтгэлгүй байгаа. Нээх сүртэй гүйцэтгэл хийгдээгүй учраас 23.3 тэрбумын санхүүжилт манай нөхрийн компаниар орж өөр компанид шилжээгүй гэсэн үг” гэж тайлбарлажээ.
Зурагт УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг үзүүлэв.
