УИХ
2026.10.30 11:21
234
Т.Мөнхсайхан: 2028 онд 1–12 дугаар ангийн бүх сурагчийг үдийн хоолтой болгоно

ЕБС-ийн 6,7 дугаар ангийн сурагчдыг 20237 оны хичээлийн шинэ жилээс үдийн хоолны хөтөлбөрт хамруулахаар төлөвлөжээ. Ингэснээр 2028 он гэхэд ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчийг үдийн хоолтой болгох зорилт тавьж байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан мэдээллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 дугаар ангийн сурагчдыг 2027 оны хичээлийн шинэ жилээс эхлэн үдийн хоолны хөтөлбөрт хамруулна. Цаашлаад 2028 он гэхэд 1–12 дугаар ангийн бүх сурагчийг үдийн хоолтой болгохоор ажиллаж байна. 2027 онд бүх ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулах боломжгүй. Учир нь хоол бэлтгэх гал тогоо, хоол үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс үе шаттайгаар хамруулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд 2027 онд 6, 7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулахад зориулж 87 тэрбум төгрөгийн төсөв суулгах саналыг төсвийн ажлын хэсэгт гаргасан. Уг саналыг ажлын хэсгийн гишүүд болон Төсвийн байнгын хороо дэмжиж, өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон. Харин төсвийн хэлэлцүүлгийн явцад санхүүжилтийн хэмжээ 50 тэрбум төгрөг болж буурсан. Энэ нь ирэх хичээлийн шинэ жилээс 6, 7 дугаар ангийн сурагчдад үдийн хоол олгоход хүрэлцэх хэмжээний мөнгө юм.

Өндөр хөгжилтэй орнуудад 1–12 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулдаг. Хүүхдүүдийг чанартай, илчлэг сайтай хоол хүнсээр хангах нь чухал. Үдийн хоол нь эрдэс бодис, шим тэжээлийн дутагдлаас сэргийлэхээс гадна сурлагын чанарыг сайжруулах ач холбогдолтой. Засгийн газраас сурагчдын үдийн хоолны зардлыг 3,500 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Ирэх оны 50 тэрбум төгрөгийн санхүүжилтэд 6, 7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулах зардлыг багтаасан. Цаашид үлдсэн ангиудыг үе шаттайгаар хамруулж, 2028 он гэхэд бүх сурагчийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна.