

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өгөгдлийн тухай анхдагч хуулиин төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөл нь төрд хадгалагдаж буй нээлттэй мэдээллийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хиймэл оюун ухаан болон технологийн хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Номин тайлбар өглөө
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Энэ хуулийн гол агуулга нь өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шийдвэр гаргалтад ашиглах, өндөр өгөөжтэй эдийн засгийг бий болгох зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Өнөөдөр дэлхий дахинд өгөгдлийг архивын материал болгон хадгалахаас илүүтэй эдийн засгийн эргэлтэд оруулж, шийдвэр гаргалтад ашиглах, хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжихэд хэрэглэж байна. Улс орнууд өгөгдлийг стратегийн нөөц гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа энэ үед Монгол Улс өгөгдлийн эдийн засгаар дэлхийд өрсөлдөх боломжоо тооцох шаардлагатай.
Дэлхий дахинд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үе эхэлж байна гэж үзэж байгаа. Энэ үед хиймэл оюун ухаан, өндөр хурдны технологи, квант тооцоолол зэрэг олон технологи зэрэг хөгжиж байна. Эдгээр технологийн суурь нь өгөгдөл юм. Тиймээс өгөгдлийг төрийн шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах, шийдвэрийг хэрхэн оновчтой болгох вэ гэдгийг энэ хуулиар зохицуулна.
Төрд байгаа хаалттай болон хязгаарлалттай мэдээллээс бусад мэдээллийг нээлттэй болгосноор технологи хөгжүүлэгчид уг өгөгдлийг ашиглан хиймэл оюун ухааны шийдэл боловсруулах, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүрдэнэ. Нөгөө талаас, энэ хууль нь Монгол Улс өгөгдлийн эдийн засагт өрсөлдөх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Дэлхий дахинд өгөгдөл хадгалах төвүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Монгол Улсын хүйтэн, сэрүүн уур амьсгал, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний нөөц нь дата төв байгуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Олон улсын өгөгдлийг Монгол Улсад хадгалах нөхцөлийг бүрдүүлснээр томоохон компаниуд өгөгдлөө манай улсад хадгалах, боловсруулах, улмаар өгөгдөлд суурилсан үйлчилгээг экспортлох боломжтой болно. Өмнө нь бид нүүрсээ дулаан гарган авахад түлхүү ашигладаг байсан бол цаашид эрчим хүч үйлдвэрлэж, дата төвүүдэд өгөгдөл боловсруулахад ашиглан, боловсруулсан өгөгдөлд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортлох боломж бүрдэнэ.
Гэхдээ өгөгдөл бүрийн ард хүн байдаг. Технологи хөгжихийн хэрээр хүмүүс олон төрлийн платформ ашиглаж байна. Тухайлбал, иргэн өөрийн иргэний үнэмлэхний хуулбарыг хэвлүүлсэн ч тухайн мэдээлэл нь өгөгдөл болж, цаашид ашиглагдах боломжтой. Иймээс хүний хувийн мэдээлэл болон өгөгдлийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай. Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг тусгана.
