

2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлын бүтэцтэйгээр хичээллэж байна.
Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан.
Хичээлийн жилийн шинэ бүтцийг боловсруулахдаа багш, эцэг эхчүүдийн санал, сурагчдын суралцах онцлог, эрүүл мэнд болон гэр бүлийн амьдралын хэрэгцээг харгалзан үзсэн.
ШИНЭ БҮТЦИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
Дөрвөн улирлын бүтэцтэй боллоо. Хичээллэх болон амрах хугацааг илүү тэнцвэртэй зохицуулж, өмнө нь 16 долоо хоног үргэлжилдэг байсан нэгдүгээр улирлын хугацааг өөрчилсөн.
Өвлийн амралтын хугацааг оновчтой болголоо. Нийслэлийн сурагчид арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногоос бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна.
Цагаан сарын баярыг бие даалтын үйл ажиллагаатай уялдууллаа. Сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах бөгөөд бие даалтын ажлыг хэт ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулна.
Орон нутгийн онцлогийг харгалзлаа. Бие даалтын хоёр долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт болон орон нутгийн мал төллөх үетэй уялдуулан зохион байгуулна.
Зуны амралтыг эрт эхлүүлнэ. Бага ангийн сурагчид тавдугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна.
БАГШ НАРЫН АМРАЛТ, АЖЛЫН АЧААЛЛЫГ ХАРГАЛЗЛАА
Зуны амралтыг эрт эхлүүлснээр багш нар ээлжийн амралтаа зуны хугацаанд бүрэн эдлэх, наймдугаар сарын дунд үеэс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломж бүрдэж байна.
Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэхэд багш, эцэг эхчүүдийн санал, хүсэлтийг нэгтгэн бодлогын шийдвэр боловсруулах үйл явцад идэвхтэй хамтран ажилласан Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагад талархал илэрхийлье.
Боловсролын бодлогын шинэчлэлд багш, эцэг эхчүүдийн оролцоо, санал санаачилга чухал юм.
Хүүхдийн суралцах онцлогт нийцсэн, багшийн хөдөлмөрийн онцлогийг харгалзсан хичээлийн жилийн бүтцийг хэрэгжүүлнэ.
