

Аравдугаар сарын 31-нийг Халловен буюу сүнсний баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хүүхдүүд дүрд хувиран айлуудыг хаалгыг тогшиж, чихэр гуйдаг. Иргэдийн дунд баярын талаар эерэг, сөрөг үзэл баримтлалд хуваагдаад байгаа юм. Харин бид энэ удаа сүнсний баярт ач холбогдол өгч, хүүхдүүдийг баярлуулахын тулд тэмдэглэн өнгөрүүлдэг Ч.Оюушагайтай ярилцлаа.
Та хүүхдүүдийг яаж угтдаг вэ?
-Баярын уур амьсгалтай уялдуулаад баг зүүж, цагаан халаад өмсөөд, үсээ сэгсийлгэж хаалгаа нээдэг. Хүүхдүүдэд ч, надад ч хөгжилтэй байдаг. Тэгээд л багаа аваад чихрээ тарааж өгдөг дөө.
Ойролцоогоор хэдэн хүүхэд ирдэг вэ?
Манай хүүхдүүдийн найзууд, байрны хүүхдүүд гээд 50-60 орчим хүүхдүүд ирдэг. Хүүхэд баярлуулах дуртай учраас ач холбогдол өгч бэлддэг. Манай хаалгыг хараад хүүхдүүд их баярладаг. Намайг жаахан байхад ийм баяр байгаагүй шүү дээ. Бага ангийн шинэ жилээр Хуан Жу Гэгийн зурагтай бэлэг авч байсан санаанаас огт гардаггүй юм. Тийм болохоор хүүхдүүдэд дурсамж үлдээх гээд ингэж тэмдэглэдэг.
Зарим хүмүүс сүнсний баярыг эсэргүүцэж, хүүхдүүд чихэр гуйлаа гэж шүүмжилдэг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Би бол тэгж боддоггүй. Хүүхдийн баяр, шинэ жилээр л хүүхдүүд баярладаг. Тэгээд л халловен байна. Бусад хүүхдүүдэд тийм ч чухал ач холбогдолтой биш юм шиг санагддаг. Өнгөрсөн жил хүүхдүүд орцонд хогоо хаясан байсан. Тэгэхээр нь энэ жил ийм хогийн сав байршуулсан. Хүмүүс чөтгөрийн баяр гээд байдаг. Энэ бол мухар сүсэг шүү дээ л гэж хэлье. Чөтгөрийн баяр тэмдэглэлээ гээд муу зүйл тохиолдоно гэсэн үг биш.
Хүүхдүүд айл хэсэхэд аюулгүй байдлыг яаж хангавал зүгээр вэ?
-Аль болох олуулаа явах хэрэгтэй. Миний хувьд хүүхдүүдээ найзууд, хамаатны хүүхдүүдтэй нийлүүлээд явуулдаг. Гэхдээ бас өөрөө мэдэгдэлгүй араас нь дагаж явдаг. Тэгэхээр хүүхдүүдэд ч аюулгүй, эцэх эх нь ч санаа зовохгүй амар байдаг. Ер нь айлууд тэмдэглэж байгаа үгүйгээ гараараа бичээд хаалган дээрээ наачих хэрэгтэй. Тэгвэл хэн хэндээ амар шүү дээ.
Дүрд хувирсан хүүхдүүд олон байна уу?
Тэд нар чинь ёстой хөөрхөн шүү дээ. Энэ баярын утга нь заавал дэлгүүрээс хувцас авахад биш шүү дээ. Гарын доорх материалаар өөрсдөө баг, хувцас урлаж болдог. Эцэг эхчүүд дэмжиж хамтарвал зүгээр. Би үүдний хайчилбар, чимэглэлүүдээ хүүтэйгээ хамтарч хийдэг. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгждөг.
Танд баярлалаа.
-
