
Арван хоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Харин нэг болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.
