
Монгол Улс 2016 оноос хойш Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа өөрчлөлт оруулсан. 2027 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн зохицуулалтыг тусгажээ.
1. Зарлагын дээд хязгаарыг өөрчлөх
Одоогийн зохицуулалтаар төсвийн нийт зарлагын дээд хэмжээ ДНБ-ий 30 хувийн хязгаартай уялддаг. Харин өргөн мэдүүлсэн төсөлд үүнийг өөрчилж, нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх 12 жилийн дундаж өсөлтийн аль ихээс хэтрүүлэхгүй байхаар санал болгожээ.
Өөрөөр хэлбэл төсвийн зарлагыг ДНБ-ий тодорхой хувиар хязгаарлахын оронд эдийн засгийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ.
Ялангуяа 12 жилийн дундаж өсөлт тухайн жилийн өсөлтөөс өндөр байвал зарлага илүү өсөх орон зай гарч болно.
2. Төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурван сар хүлээх шаардлагыг хүчингүй болгох
Одоогийн хуулийн 7.5-д дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурван сар өнгөрөхөөс өмнө тухайн жилийн төсвийн төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглосон байдаг.
Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд энэ заалтыг хүчингүй болгохоор тусгажээ.
Үүний үр дагавар нь төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсаны дараа гурван сар хүлээлгүйгээр тухайн жилийн төсвийг өргөн мэдүүлэх, батлах боломж нээгдэнэ. Харин зөвлөл энэ хугацааны хязгаарлалт нь төсвийн хүрээний мэдэгдлийг урьдчилан баталж, төсвийг түүнд нийцүүлэх сахилгын нэг хэсэг гэж үзсэн.
3. Нэмэгдсэн орлогоор зарлагын дээд хэмжээг өсгөх
2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт өргөн мэдүүлсэн өөр нэг зохицуулалтаар төрийн өмчит компаниудын ногдол ашиг, Оюу толгойн ногдол ашиг, орон нутгийн үнэт цаас, өмнөх оны үлдэгдлээс бий болсон нэмэлт эх үүсвэрээр төсвийн орлого нэмэгдвэл тэр хэмжээгээр нийт зарлагын дээд хязгаарыг өсгөхөөр санал болгосон байна.
Хамгийн анхаарал татаж буй нь энэхүү нэмэгдэлд төсвийн тусгай шаардлагыг мөрдөхгүй байхаар тусгасан явдал. Өөрөөр хэлбэл, нэмэлт орлого орж ирсэн тохиолдолд зарлагын хязгаарыг өсгөхдөө ердийн төсвийн сахилгын шаардлагыг дагахгүй байх боломж нээхээр байна.
Энэ нь нэг удаагийн нэмэлт орлогоор байнгын шинжтэй цалин, тэтгэвэр, урсгал зардлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Учир нь тухайн ногдол ашиг дараа жил давтагдахгүй байж болох ч нэмэгдүүлсэн зардал үргэлжлэх боломжтой.
