
Долоо хоногийн өмнө иргэн Х.Оюунбилэг Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх нийтийн цахим өргөдөл санаачилсан. Өнөөдрийн байдлаар өргөдөлд нийт 100.110 хүн гарын үсэг зураад байна.
Ингэснээр УИХ тус асуудлыг авч хэлэлцэн хуулийн төсөл боловсруулах юм. УИХ-аар дэмжигдсэн тохиолдолд иргэд ногдол ашгаа дансандаа авх боломж бүрдэнэ.
Тус өргөдөлд: “Миний бие Хоролдорж овогтой Оюунбилэг нь "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" гэсэн хуулийн төсөл санаачилж байна. Ингэж хуульчилж байж иргэд гар дээрээ ашгаа хүртэх юм. Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хэрэгтэй байгааг хүлээн авна уу эрхэм Ерөнхийлөгчөө” гэжээ.
Аравдугаар сарын 23-нд Засгийн газрын зүгээс Оюутолгойн ногдол ашгаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх саналаа эргүүлэн татсан. Харин хуримтлалын сан дахь иргэдийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 2030 оноос иргэн нэрийн дансан дахь хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар зарцуулах боломжтой.
