М.Нансалмаа
Сэтгүүлч
Ярилцлага
1 цагийн дараа
133
А.Гантуяа: Амаржсаны амралт бол алдаж байгаа цаг хугацаа биш

Амаржсаны амралт буюу бидний хэлж заншсанаар декриттэй байх хугацаандаа олон ажлыг амжуулсан нэгэн мундаг ээжтэй ярилцлаа. А.Гантуяа хоёр охиноо төрүүлж, гэртээ суусан дөрвөн жилийн хугацаандаа эрдмийн зэргээ дээшлүүлж, ном бичиж, контент бүтээгч болсон байна.

Та бидэнд өөрийгөө танилцуулаач

-Намайг А.Гантуяа гэдэг. Би хоёр хүүхдийн ээж. Сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор ээжийн ажлынхаа хажуугаар контент бүтээж байгаа.

Таны хувьд амаржсаны амралтаа их үр бүтээлтэй өнгөрүүлж байх шиг байна. Юу, юуг амжуулав?

-Сэтгүүлч мэргэжлээрээ өдөр тутмын сонинд ажиллаж байгаад амаржсаны амралтаа аваад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд хоёр охинтой болсон. Том охиноо ой хүрснээс хойш нэлээн олон ажил амжуулсан. Өөрийн гэсэн номоо бичээд, маркетингийг нь хийхийн тулд контент бүтээж эхэлсэн. Одоо жил гаруй болж байна. Хүүхэд арчилгаа, ээжийн өдөр тутмын амьдралын тухай энгийн контент хийдэг.

Би бас л залуу ээжүүдийн адилаар онлайн шоп нээх, гэртээ айлын хүүхэд харах, номоо бичих, контент бүтээх, цахим ном гаргах гэх мэт олон ажлын хийсэн. Бүр сүлжээнд хүртэл орж байлаа. 10 орчим төрлийн ажлыг хийж үзсэн байна. Мөн боловсролын зэргээ дээшлүүлсэн.

Амаржаад удаагүй бас дахиад жирэмсэн байх үедээ магистрт сурсан хэрэг үү?

-Жирэмсэн болохоосоо өмнө шалгалтаа өгөөд тэнцчихсэн байсан юм. Тэгээд хэт яаралгүйгээр нэг семестрт 2-3 хичээл сонгоод, гурван жил орчим сурч төгссөн. Хоёр дахь охиноос төрүүлэхийн өмнө магистраа хамгаалсан нь зөв шийдвэр болсон байна лээ.

Ажлаа хийж байгаад амаржсаны амралтаа авахаар сэтгэл зүйн хувьд ямар байсан бэ?

-Сэтгүүлч бол өдөр болгон өөр хүнтэй уулзаж, өөр үйл ажиллагаанд оролцож, нийгмийн дунд буцалж явдаг мэргэжил. Тийм мэргэжлээр ажиллаж байсан хүн гэнэт гэртээ суугаад, орцныхоо дэлгүүр лүү ч орж чадахгүй болоод эхлэхээр “ингээд дандаа л гэртээ байдаг хүн болчих юм уу” гэдэг бодол төрж байсан. Угаасаа л энэ үеийг туулна гэдгээ ухамсарлаад, хэт их сэтгэлээр уналгүйхэн давж гарах гэж хичээсэн.

Анх удаа ээж болж байгаа учраас айх, гайхах, сандрах давхцаад амьдралын хэв маяг тэр чигээрээ өөрчлөгддөг учраас их бага хэмжээгээр цочирддог юм байна лээ. Эхний шок бол шөнө унтахгүй хүүхдээ хоёр цагийн зайтай хөхүүлэх байсан. Хүүхдийн маань царай ямар байгаа бол, хурдан харах сан гэж догдолсноос биш шөнөжин унтахгүй гэж бодоогүй шүү дээ. Хүүхэд гулгих, гэдэс нь дүүрэх, шарлах гээд олон асуудлыг зүгээр л сонсоод өнгөрдөг байснаас өөр дээрээ хүлээж авдаггүй байж л дээ. Тиймээс төрсний дараах амьдралдаа сэтгэлзүйгээ бэлдэх нь чухал юм байна гэж бодсон.

Хүүхэд жаахан, ээж ажилдаа ороогүй үед нөхрийн дэмжлэг их чухал байдаг. Танай гэр бүлийн хувьд?

-Намайг цахим орчинд зураг, бичлэг хуваалцахаар хүмүүс “Мундаг юм аа, яаж амжуулдаг байна аа” гэдэг. Яг үнэндээ хийгээд байгаа нь би юм шиг мөртлөө энэ нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа хүн нь нөхөр шүү дээ.

Заримдаа үнэхээр салмаар, заримдаа үнэхээр нийлмээр. Амьдралд өдөр бүхэн адилхан байхгүй шүү дээ. Дөнгөж төрсний дараа ёстой хэн хэн нь шоконд орсон. Ялангуяа хүүхэд өвдөх үед их хэцүү байдаг. Тэр үеүдэд хоорондоо тэрсэлдэх биш, бид хоёр нэг зорилготой гэдгээ санаад баг болж ажиллах нь чухал юм байна лээ. Төрсний дараах хэцүү үе тийм удаан биш шүү дээ. Хүүхэд өдөр ирэх тусам өсөж томорно.

Амаржсаны амралтын хугацаанд ээжүүд сэтгэл санаагаар унах үе олон. Та өөрийн туршлагад үндэслэн зөвлөгөө өгвөл?

-Энэ цаг хугацаанд ээжүүд заавал их юм амжуулж, мөнгө олж, гавьяа байгуулж, амжилтад хүрэх албагүй шүү дээ. Амаржсаны амралт бол алдаж байгаа цаг хугацаа огт биш. Харин ч өөрийгөө, гэр бүлийн хүнээ, үр хүүхдээ таньж мэддэг нандин үе. Бусдаас хоцроод, карьераа хойш нь тавиад байгаа зүйл байхгүй. Би хоёр хүүхдийн ард гарч байгаагаа амьдралдаа хийх ёстой зүйлийнхээ 50 хувийг хийчихлээ л гэж боддог. Хоёр охиныхоо бага насны бүхий л цаг үеийг өөрөө хараад байж байх нь үнэхээр талархмаар.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцлага үзэх: