М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
148
Яамдын ТНБД-аар ажиллаж байсан Б.Насантогтоход таван жилийн хорих ял ногдууллаа

Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход шүүхээс таван жилийн хорих ял ногдуулав.

Түүний “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих”, “Хахууль авах” гэмт хэргээр нийт 2,8 тэрбум төгрөгийг нуун далдалсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн нэгжлэгээр Б.Насантогтохын орон байранд 10,600 ам.доллар, 11,600 юань, 300,000 вон, 3440 евро, 7 сая төгрөгийн шатахууны эрхийн бичиг олджээ. Мөн хадам дүү Ч.А-ийн орон байранд хадгалсан 70,000 ам.доллар илэрсэн бөгөөд нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр буюу 337 сая төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн байна.

Эрчим хүчний яамны газрын даргаар ажиллах хугацаандаа үйлчилгээний талбай худалдан авахаар өөрийн баз Г.Б-ын нэрээр нийт 438 сая төгрөгийг шилжүүлсэн. Нийт 650 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч хөрөнгө орлого нь 1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн захирлаас 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас нийт 203 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцжээ.

Б.Насантогтох нарын таван хүн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэж, Б.Насантогтохын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 1,9 тэрбум төгрөг, Лексус загварын 251 сая төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэл, мөрдөгчийн нэгжлэгээр хураан авсан 337 сая төгрөгийг тус тус улсын орлогод хураан авчээ.

Яллагдагч Б.Насантогтохыг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 жил хорих ялын хамт ногдуулжээ. Шүүгдэгч Ч.А, Г.Б, Д.Г, Ц.О нарт зорчих эрхийг хязгаарлах, нийтийн албанд ажиллах эрхийг хасах, торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Мөрдөн шалгахМэдээ мэдээлэл