
Хавдар судлалын үндэсний төв-II-ийн барилга хараахан баригдаж эхлээгүй байгаа ч гадна тохижилтын ажил нь 90 хувийн гүйцэтгэлтэй болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15 га талбайд Хавдар судлалын хоёрдугаар төвийг барихаар төлөвлөсөн юм.
Харин эмнэлгийн гадна талын 6 га талбайн тохижилтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 3680 м.кв явган зам, 8500 м.кв зүлэгжүүлэлт хийж, 5000 гаруй мод, бут тарьжээ. Мөн явган гүүр, гэрэлтүүлэг, амрах чулуун тавцан, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, камерын хяналтын системийг суурилуулсан байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаярын мэдээлснээр, 440 метр урт үерийн сувгийн ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Харин эмнэлгийн барилгын санхүүжилтийн асуудал одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Монгол, БНСУ-ын тал 2026 оны долоодугаар сарын 9-нд төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Төслийн нийт өртгийг 250 сая ам.доллар байхаар тооцож, үүний 230 сая ам.долларыг БНСУ-ын Экспорт-Импорт банкны EDCF сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлээр, үлдсэн 20 сая ам.долларыг Монголын талаас санхүүжүүлэх хувилбараар ажиллаж байна.
Харин 2026-2030 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт ХСҮТ-II төслийн нийт төсөвт өртгийг 312 тэрбум төгрөг тусгажээ. Үүнээс 2026 онд 40.52 тэрбум, 2027 болон 2028 онд тус бүр 135.74 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр санхүүжилтийн эх үүсвэр хоорондоо хэрхэн уялдаж байгаа нь анхаарал татаж байна.

Нийт 600 ортой эмнэлгийн барилгын ажлыг 2027 оны хавраас эхлүүлж, 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, өвчтөн хүлээн авах эмнэлгийн барилгын ажил эхлээгүй байхад түүнийг хүрээлэх зам, зүлэг, мод, амрах орчин нь ашиглалтад ороход бэлэн болох дөхжээ.
Одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Хавдар Судлалын Үндэсний Төв нь Улаанбаатар хотын хүн амын хэмжээ 500 мянга орчим байхад байгуулагдсан бөгөөд нийслэлийн хүн ам эрс нэмэгдэж, хавдрын үзлэг, оношилгоо, эмчилгээний ачаалал өссөн. Гэтэл шинэ эмнэлэг хэзээ баригдаж дуусах, санхүүжилт нь хэрхэн шийдэгдэх, хийсэн тохижилтоо ашиглалтад орох хүртэл хэрхэн хамгаалах вэ гэдэг асуулт үлдэж байна.


Засгийн газар