М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
148
Гэр бүлийн хүчирхийлэгчийг түр баривчилсны дараа юу болдог вэ?

Энэ оны тавдугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 6,333 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь энэхүү шийтгэлээр төгсдөг. Гэвч баривчлах шийтгэл үр дүн муутай, хүчирхийлэл үйлдэгчид нөлөөлж чаддаггүй тул хохирогч мэдүүлгээсээ буцаж, цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлэхээ болих шийдэлд хүрч байгаа нь хүчирхийллийг даамжруулах эрсдэлтэй байна.

Нээлттэй нийгэм форумаас хийсэн судалгаагаар “Цагдаагийн газрын Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын сэдэв, хөтөлбөрөөс харахад тухайн хүмүүст ихэвчлэн хууль, дүрмийн талаарх мэдлэг, архи тамхины хэрэглээ буюу хорт зуршлын сөрөг үр дагаврын талаар сургалт хийдэг нь төдийлөн үр дүнтэй биш байна” хэмээн дүгнэжээ.

Шүүх хурлын мэдүүлгүүдээс харахад хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчлах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бус харин бүр өш хонзонгийн улмаас дахин гэмт хэрэг үйлдэх сэдлийг бий болгодог байна.

Жишээ болгон шүүхийн шийдвэрээс дурдвал, 2021 оны 5-р сарын 21-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн хохирогчийн мэдүүлэгт “чи намайг 7 хоног баривчилгаанд явуулаагүй байсан бол би энэ хэргээс мултарчих байсан юм хэмээн цохиж зодсон”, “ингээд тэр эд мөрийн баримт гээд байгаа юмаа сонсгоорой хэмээн утсыг авч шидэн эвдэлсэн” гэжээ.

2019-2024 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 113 хүн амь насаа алджээ. 

7-30 хоногийн түр баривчилгааны дараа өс хонзон тээсэн хүчирхийлэгч илүү харгис хүчирхийлэл үйлдэх эрсдэлтэй хэвээр байна.