

Монголбанкны статистикаар 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 39.14 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 139.5 их наяд төгрөгт хүрчээ. Гадаад өрийн бүтцийг авч үзвэл шууд хөрөнгө оруулалт болон компани хоорондын зээл 17.6 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр 4.4 тэрбум ам.доллар, Төв банкны өр 1.1 тэрбум ам.доллар, бусад салбарын өр 7.6 тэрбум ам.доллар байна.
Эндээс харахад Монгол Улсын нийт гадаад өр нь зөвхөн Засгийн газрын өрөөс бүрддэггүй. Үүнд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд болон аж ахуйн нэгжүүдийн гадаадын зээлдүүлэгч, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн өр төлбөр багтдаг.
Харин 2027 оны улсын төсвийн төсөлд Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд төгрөг, зээлийн хүүд 1.57 их наяд төгрөг төлөхөөр тусгажээ. Ингэснээр зөвхөн өрийн үндсэн төлбөр болон хүүд нийт 7.56 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсвийн хэмжээг авч үзвэл 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 33.48 их наяд төгрөг. 2026 оны төсвийг 1 их наяд төгрөгийн алдагдалтай баталж, тодотголоор 2 их наяд төгрөг болж нэмэгдсэн. 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 36.49 их наяд төгрөг байхаар тусгажээ. Харин УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсвийн төслөөр орлогыг 27.94 их наяд, зарлагыг 31.93 их наяд төгрөгөөр тооцсон байна.
Өөрөөр хэлбэл, улсын төсөвт төлөвлөсөн орлогоос зарлага нь илүү байна. Энэ нь улсын төсөв өмнө авсан зээлийн үндсэн төлбөр, хүүг барагдуулахын зэрэгцээ урсгал зардал, хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх өндөр ачаалалтай байгааг харуулж байна. Төсвийн орлого зарлагаа нөхөхгүй тохиолдолд зөрүүг шинэ зээл, бонд болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлага үүсдэг. Ингэснээр одоо төлж буй өрийнхөө зэрэгцээ цаашид төлөх шинэ өрийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй.
Ялангуяа Монгол Улсын төсвийн орлого уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, дэлхийн зах зээлийн үнээс ихээхэн хамааралтай. Зэс, нүүрсний үнэ буурах, экспортын хэмжээ багасах, орлого тасалдах үед төсөвт төвлөрөх мөнгөн хөрөнгө буурч, өрийн төлбөрөө хугацаанд нь барагдуулахад хүндрэл үүсэж болзошгүй. Өнөөдрийн төсвийн алдагдал маргаашийн өрийн дарамт болохоос сэргийлэх нь төсвийн бодлогын гол сорилт болоод байна.
