

Нийслэлийн МАН-ын хорооны Удирдах зөвлөлөөс бүтцийн шийдвэр гаргаснаар Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд НИТХ-ийн төлөөлөгч З.Төмөртөмөөг томилжээ.
З.Төмөртөмөө нь “Их монгол” радиогийн Гүйцэтгэх захирал, “Royal TV” телевизийн Гүйцэтгэх захирал, “Zaluu.com" сайтын Гүйцэтгэх захирал, НАМОХ-ны дэд ерөнхийлөгч, ШӨХТГ-ын даргын зөвлөх, “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос УИХ-ын гишүүний зөвлөх, 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажилласан байна.
2020 онд НИТХ-ийн төлөөлөгч болж, Хотын даргын орлогчоор томилогдон агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байжээ.
Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ өөрийн орлого 78.8 сая төгрөг, гэр бүлийн орлого байхгүй гэжээ. Мөн автомашин болон орон сууц, хашаа байшин, авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгө байхгүй гэж мэдүүлсэн байна.
Харин 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 4.7 сая төгрөгийн хадгаламжтай, "Түрүү Инфо эжэнси" ХХК-д хувь эзэмшдэг байна.


“Энгийн иргэд ресторанд орж хоол идэх ямар ч боломжгүй болчихлоо. Цаасан меню тавимаар байна” гэж НИТХ-ын хурал дээр хэлээд шүүмжлүүлээд амжсан тэрээр ямартай ч Н.Мандуулын ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.
