

Иргэн О.Отгонжаргалын нөхөр энэ оны 5-р сард зуурдаар нас барснаас хойш 5 хүүхэдтэйгээ өрх толгойлон үлджээ. Гэвч түүний 5 хүүхдийн 2 нь хөгжлийн бэрхшээлтэй. 5 настай бага охин нь вакцин хийлгэсний улмаас татаж, тархины үрэвсэл, өсөлт зогсолт, сэтгэхүйн хоцрогдолтой гэх оноштой болжээ. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
-Охин нь вакцины шокт ороод тархины үрэвсэлтэй, өсөлт нь зогсож сэтгэхүй нь 3 настай хүүхдийнх шиг болсон гэсэн. Мөн нөхөр нь нас барснаас хойш 5 хүүхэдтэйгээ өрх толгойлж, хэцүү амьдарч байгаа талаараа та ярьж байсан
-Би таван хүүхэдтэй. Өрх толгойлсон эмэгтэй. Таван хүүхдийн маань хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй. Том охин маань олдмол хөгжлийн бэрхшээлтэй бол бага охин маань вакцинаас болоод өсөлт нь зогсож, тархины бүх хэсэгт үрэвсэл тарсан гэх эмчийн оноштой байгаа. Одоогийн байдлаар 3-р эмнэлгийн эмчийн хяналтад байдаг. Ирэх оны 5-р сард АНУ-аас эмч нар ирэхийг л хүлээж байна. Бид хоёр эмнэлэгт хэвтэхээр хэцүү. Эхэндээ долоо хонодог байсан бол одоо 10-14 хоног хэвтдэг болсон. Бид хоёрыг эмнэлэгт хэвтэхээр дөрвөн хүүхэд маань л гэртээ үлддэг.
Хүүхдээ аваад олон хоног эмнэлэгт хэвтэхээр бараг л цалин авахгүй. Тэгээд л хүүхдүүдийн хүүхдийн мөнгө, асаргааны мөнгөөр л болгож байна.
-Монголд эмчлэгдэх боломжтой юу. Гадаадад л эмчлэх боломжтой байгаа юу
-Монголд эмчлэгдэх боломжгүй гэх хариуг өгсөн. Бээжин руу явж шинжилгээнд хамруулж хүүхдээ эрүүл саруул болгох хүсэлтэй байгаа. Охин маань 5 настай ч гэсэн 3 настай хүүхдийн сэтгэхүйтэй.
Нөхөр маань энэ оны 5 сард унтаж байхдаа зүрхний шигдээс болоод дахиж сэрээгүй. Амьд байхдаа мөнгө цуглуулаад охиноо гадаад руу авч явж эмчлүүлнэ гэж ярьдаг байсан. Миний хувьд Номинд ажилладаг.
5 настай охиноо бас нэг өдөр унтаад ахиад сэрэхгүй байх вий, зүрх нь зогсчих вий гэж айдаг. Охиндоо л бүх зүйлээ зориулж, аль болох дуртай зүйлийг нь идүүлэхийг боддог.
Миний таньдаг хүний хүүхэд охинтой маань адилхан оноштой ч бүр хүнд хэлбэрийн хэвтэрт байдаг хүүхэд байсан. Саяхан бурхан болчихлоо гэж сонсогдсон. Ийм зүйл сонсохоор юмнаас дутаахгүй, чадлынхаа хэрээр энгэртээ тэвэрч явж байгаад хорвоогийн жам юм бол явуулахаас яах уу. Тэр болтол нь эцэг, эхийн хайраар дутаахгүй байх юмсан л гэж бодох юм. Сургууль, цэцэрлэг нь мөнгө хураахаас эхлээд л бүх зүйлээс хоцроохгүй, дутаахгүй гэж л явдаг.
Үзээгүй амьдрал гэдэг аймар байдаг юм байна. Хүний хань гэдэг их нөмөр нөөлөгтэй, түшигтэй байдаг байж. Ядаж хүүхдүүд маань эрүүл байсан бол л гэж бодох юм.
Шууд дамжуулалт үзэх:
