

"10 сая төгрөгийн бичлэг”-т нэр холбогдсон Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон цахим орчинд тархаад буй мэдээллийн талаар тайлбар өглөө.
Тэрээр би тухайн мэдээлэлд ямар ч холбоогүй. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн удирдах албан тушаалтантай холбоотой 10 сая төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Гэтэл уг мэдээлэлд миний овог нэр, албан тушаалыг холбон нийтэлсэнд харамсаж байна.
Би тухайн мэдээлэлд ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тухайн өдөр би гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан. Үүнийг баримт, дүрс бичлэгээр нотлох боломжтой. Мөн мэдээлэлд дурдагдсан Мадина гэх эмэгтэйг танихгүй, түүнтэй дахин холбогдож байгаагүй. Тухайн өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч, 18 цагийн үед гэр бүлийнхэнтэйгээ хамт буцаж ирсэн.
Мэдээллийг анх нийтэлсэн хүн өөрийн цахим хуудсандаа тухайн хүн төмөр замын дарга биш гэдгийг дурдсан байсан. Гэтэл мэдээллийг нягтлалгүйгээр миний нэр, албан тушаалтай холбон түгээж байгаа нь гэр бүл, аав ээж, хамт олон, эхнэр, хоёр хүүхдэд минь сөргөөр нөлөөлж байна.
Би төмөр замын салбарт мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байна. 2018 оноос төрийн албан хаагчаар ажиллаж, хөрөнгө орлогын мэдүүлгээ ил тод гаргаж ирсэн. Хийгээгүй зүйлийнхээ төлөө ийм байдалд орох үнэхээр хүнд байна. Эхнэр маань жирэмсэн, хоёр хүүхэдтэй. Хүүхдүүддээ юу гэж тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Аав ээжид минь ч хэцүү байгаа. Цахим орчинд тархсан бичлэгт гарч буй хүний үс гэзэг, гар, арьсны өнгө зэрэг нь надтай адилгүй. Тухайн хүн сахалтай байсан.
Иймд мэдээллийг сайтар нягталж, баттай эх сурвалжид үндэслэн үнэн зөвөөр мэдээлээсэй гэж хүсэж байна. Өчигдөр холбогдох байгууллагад өргөдөл, гомдлоо өгсөн. Өнөөдөр шалгалт ямар шатанд явж байгааг тодруулахаар ирсэн. Одоогоор зөрчил шалгах байгууллага шалгаж байна. Би хууль ёсны эрх бүхий байгууллагад хандаж, эрхээ хамгаалуулна. Хийгээгүй зүйлийнхээ төлөө ийм байдалд орж, ажил дээрээ нэр хүндийн хувьд маш их дарамт мэдэрч байна. Төрийн албан хаагч надад 10 сая төгрөг бэлнээр байхгүй” гэлээ.
