

Иргэний Зориг Ногоон Намын дарга Б.Батбаатар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр намын хэмжээнд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой 5-6 хүн байгаа бөгөөд өөрөө ч боломжит нэр дэвшигчдийн нэг гэдгийг хэлэв.
Тэрбээр манай намын хувьд хуулийн шаардлага хангасан, нэр дэвших боломжтой хүмүүс бий. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Одхүү, Я.Санжмятав зэрэг хүмүүсээс гадна философич С.Молор-Эрдэнэ нэр дэвшихээ илэрхийлсэн. Үүнтэй холбоотой нэлээд олон асуудал үүссэн. Ер нь намд 5-6 хүн нэр дэвших боломжтой байна. Бид бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг судалж, намд танилцуулах ажлын хэсэг ажиллуулж эхэлсэн. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс гадна улс оронд засаж залруулах, зогсоох шаардлагатай асуудлуудыг Ерөнхийлөгчийн институц шийдвэрлэх боломжтой эсэхийг судалж байна.
Ерөнхийлөгчид нэр дэвших хүн төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай, хулгай, авлигын хэрэгт нэр холбогдож байгаагүй, иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах хүн байх ёстой. Мөн ИЗНН-ын хоёр гол үзэл баримтлал болох шударга ёс, ардчилал болон ногоон хөгжлийн зарчмыг дэмждэг байх шаардлагатай.
ИЗНН бол өөрийн гэсэн үзэл санаа, зарчмаар байгуулагдсан нам. С.Зориг агсны журмын нөхөд хамтран байгуулж, Монгол Улсад шударга ёс алдагдаж байна гэсэн байр сууринаас намын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бидний хувьд нэгдүгээрт улс орны эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, хамгийн сүүлд хувийн эрх ашиг байх ёстой гэсэн үзэл баримтлалтай.
Дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ үед Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар судалгаа, ажил хийж байна. Миний хувьд боломжит нэр дэвшигчдийн нэг. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй. ИЗНН үзэл санаа, бодлогоо боловсруулж, намын журмын нөхөдтэйгөө хэлэлцсэний дараа нэр дэвшигчээ тодруулна.
2027 оны сонгуульд хэнээс ч, юунаас ч үл хамааран Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг бүрдүүлнэ.
Мөн Засгийн газрын ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Түүний хэлснээр ногдол ашгийг хуваарилахдаа холбогдох хуульд нийцүүлэн, иргэдийн эрх ашгийг харгалзах ёстой аж. Тэрбээр “Засгийн газар ногдол ашгийн асуудалд дур мэдэн хандаж болохгүй. Ногдол ашгийн тухай хууль бий. Одоо бие биенээсээ давж гарах гэсэн өрсөлдөөн явагдаж байна. Ногдол ашиг мэдээж иргэдэд очих ёстой. Үүний зэрэгцээ ипотекийн зах зээлд нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл, иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах төлөвлөгөө боловсруулсан. Үүнийгээ ирэх долоо хоногт танилцуулна" гэв.
