Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
3 цагийн дараа
113
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жон Жүхён Жеонг нар өнөөдөр /2026.11.03/ Азийн хөгжлийн банк (АХБ) болон Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Тус хэлэлцээрийн хүрээнд гурван аймгийн 4 сургуулийн дотуур байранд засвар үйлчилгээ хийхээс гадна хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгон сайжруулна. Мөн сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх хөтөлбөрийг орон нутгийн болон нийслэлийн 12 сургуульд шинээр нэвтрүүлэх юм.
Сангийн сайд З.Мэндсайхан төсөл амжилттай хэрэгжсэнээр боловсролын салбарт жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг яриандаа онцолсон. Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүртээмжийг өсгөхөд нягт хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Азийн хөгжлийн банк болон Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийллээ.
Арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Япон Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Кондо Казумаса болон холбогдох албаныхан оролцсон юм.