

Оюутолгой төслөөс Монгол Улсад ногдол ашиг хэлбэрээр орж ирэх хөрөнгийг иргэдэд шууд олгох олон нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурсан бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс ногдол ашгийг иргэдэд олгох чиглэлийг Засгийн газарт өгчээ. Энэ асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт чиглэл өгсөн. Иргэд Оюутолгойн ногдол ашгийг дансандаа авъя гэсэн хүсэлт гаргаж, олон нийтийн өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсэг зурсан байна. Нэгдүгээрт, иргэдийн амьдралын нөхцөл байдал хүнд байна. Нөгөө талаас мөнгөний бодлогын хүү өссөнтэй холбоотойгоор мөнгөний эрэлт буурч байгаа энэ үед иргэдийнхээ орлогыг хамгаалах шаардлагатай. Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй байна. Тиймээс Оюутолгой төслөөс ногдол ашиг орж ирэх бүрд иргэдэд нь олгох асуудлыг зохицуулж ажиллах чиглэлийг Ерөнхийлөгч Засгийн газарт өгсөн.
Энэ асуудлыг олон янзаар тайлбарлаж байна. Мэдээж ногдол ашиг тарааснаар инфляц өснө гэсэн болгоомжлол бий. Цалин, тэтгэвэр нэмэхэд ч инфляц өсдөг гэж ярьдаг. Гэхдээ хүнд цаг үед иргэдийн орлогыг нэмэгдүүлж, байгалийн баялгийнхаа өгөөжийг хүртээх нь чухал. Энэ хүрээнд Засгийн газар эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгохоор ажиллана.
Оюутолгойгоос нэг удаа орж ирэх ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг буцаан татсан. Учир нь иргэдээс авсан санал асуулгаар хуримтлалыг зөвхөн ипотекийн зээл, боловсролын чиглэлээр зарцуулах сонголт байсан. Харин иргэдэд ногдол ашгийг шууд олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Одоо Баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Хуримтлалын санд төвлөрөх ёстой хөрөнгийг хэрхэн зарцуулах, иргэдэд хэрхэн хүртээх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
2027 оны төсөв батлагдвал Хуримтлалын сангаас нэг их наяд төгрөгийг зарцуулах төсвийн орон зай бий. Харин үлдэж байгаа хоёр их наяд төгрөгийг иргэдэд олгохын тулд хууль эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Мөн ногдол ашгийг орж ирэх бүрд нь олгохоор яригдаж байгаа учраас хэзээ, ямар хэлбэрээр, хэрхэн олгох зэрэг асуудлыг нарийвчлан шийдвэрлэх хэрэгтэй.
