Улс төр
4 цагийн дараа
146
Б.Түвшин: Бэлэн мөнгө тараавал инфляц нэмэгдэж, иргэдийн ядуурал өснө

Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд олгох асуудлаар Ардчилсан намын дарга Б.Түвшин байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр иргэдэд бэлэн мөнгө тараах нь инфляцыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул Баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд хуримтлал үүсгэж, урт хугацааны үр өгөөжтэй зарцуулалтад чиглүүлэх нь зөв гэж үзэж байна.

Инфляц нэмэгдэх болов уу гэж бодож байна. Миний хувьд энэ нь сайн бодлого биш. Дэлхийн улс орнууд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ийм арга хэмжээ авч байгаа ч би хувьдаа дэмжихгүй. Баялгийн сангийн тухай хуулиар тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлуулж, түүнийгээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар зохицуулсан. Гэтэл хөрөнгө мөнгөтэй болмогцоо нэг удаа тараая гэж байгаа нь бодлогын тогтворгүй байдал. Хуримтлал үүсгэж, үр ашигтай зарцуулах зорилготой хуулиа өөрчлөх гэж байгаа нь эдийн засгийн тогтворгүй хандлага гэж харж байна.

Одоогоор яг хэдэн төгрөг тараах, үүнээс шалтгаалж инфляц хэдэн хувиар нэмэгдэх талаар тодорхой тооцоолол алга. Эдийн засагт сул мөнгө их хэмжээгээр нийлүүлэгдэхээр төгрөгийн ханш суларч, тэр дундаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй. Үүний дараагийн мөчлөгт иргэдийн худалдан авах чадвар буурч, ядуурал нэмэгдэх нөхцөл бүрддэг. Бүтээмжгүй мөнгө эдийн засагт орвол инфляц бий болдог гэдэг бол эдийн засгийн анхан шатны ойлголт.

Төрийн тэргүүн ямар байр суурь илэрхийлж, Засгийн газарт ямар чиглэл өгснийг одоогоор сонсоогүй байна. Ардчилсан намын байр суурь бол Баялгийн сангийн тухай одоо мөрдөгдөж буй хуулиа хэвээр хадгалж, хуримтлал үүсгэсний дараа иргэдийн амьдралд үр өгөөжтэй байдлаар зарцуулах ёстой. Олсон мөнгөө шууд тараах биш, урьдчилан төлөвлөж, үр ашигтай зарцуулах тооцоололд үндэслэн ажиллах хэрэгтэй” гэлээ.